Оросын теннисчин Даниил Медведев 2026 оны US Open тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтынхоо дараа өгсөн талбайн ярилцлагадаа киноны төгс зохиол шиг сонирхолтой хариулт өгсөн нь олны анхаарлыг татлаа.
АНУ-ын Себастьян Горзниг 6-1, 6-3, 7-5 харьцаагаар буулган авч, шилдэг 32-т шалгарсан түүнд хөтлөгч “Хэрэв US Open кино байсан бол та эерэг дүр үү, эсвэл эсрэг талын дүр бүтээх байсан бэ?” гэсэн асуулт тавьсан юм.
Тэрээр үүнд хариулахдаа “Энэ маш амархан. Төгсгөл нь тодорхойгүй, хэн нь муу залуу болохыг тааж яддаг тийм киноны 50 орчим хувьд би муу залуу шиг харагдахыг хүснэ. Үзэгчид бараг кино дуустал намайг муу, эсрэг талын хүн гэж бодно. Харин киноны яг сүүлчийн секундэд л намайг хамгийн шилдэг, сайн залуу байсныг, харин өөр хүн жинхэнэ муу талын дүр байсныг ойлгох болно. Энэ үнэхээр төгс байх байсан” хэмээн хариулжээ.
Түүний Горзнитой хийсэн тоглолтод ч сонирхолтой явдал тохиолдсон байна. Тоглолтын хоёрдугаар сетэд бөмбөг солилцох үеэр тор дээр хоёр шувуу бууж ирсний улмаас шүүгчийн шийдвэрээр оноог дахин тоглохоор болсон аж. Оноог авсан байсан Медведев үүнд тоглоом шоглоомоор эсэргүүцэл илэрхийлээд авчээ. Тэрээр дараагийн гуравдугаар тойрогт Францын теннисчин Артур Риндеркнехтэй тоглохоор товлогдсон байна.
Энэ нь түүний 2025 оны US Open тэмцээний эхний тойрогт Францын Бенжамин Бонзид 6-3, 7-5, 6-7(5), 0-6, 6-4 харьцаагаар хожигдож, талбайн шүүгч Грег Алленсворттой зургаан минутын турш маргалдаж байсан уур амьсгалтай эрс ялгаатай, тайван өнгөрч буй үйл явдал болж байна.