Оросын алдарт теннисчин, дэлхийн чансааны 5 дугаарт эрэмбэлэгдсэн Даниил Медведев Парис Мастерс тэмцээний шөвгийн 32-ын шатанд Перугийн тамирчин Игнасио Бусетай тоглох үеэрээ дахин маргаан тарилаа.

Тоглолтын эхний сетийг Бусе 6-4 харьцаагаар хожиж, улмаар хоёрдугаар сетэд оноо 4-4 байх үед Медведев эхний оноогоо алдсандаа бухимдан цохиураараа талбайг цохисон байна. Тэрбээр ийм үйлдэл өмнө нь гаргаж байсан тул ерөнхий шүүгч Адель Нур түүнд спортын бус зан авир гаргасан хэмээн сануулга (code violation) өгчээ.

Үүнд дургүйцсэн 30 настай Медведев цохиураа цүнхэндээ хийн суудалд сууж, тоглохоо түр зогсоосон нь үзэгчдийн дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн шүгэл дагуулсан юм. Талбайн ахлах хянагч Седрик Мурьег дуудаж, шүүгч Нур түүнд талбай дээр зураас үүсгэсэн тухай тайлбарласан бөгөөд Медведев шүүгчтэй "хэдэн удаа цохисон" талаар ширүүн маргалдаж эхэлжээ.

Үзэгчид эсэргүүцсээр байсан ч Оросын теннисчин эцэст нь талбайд эргэн гарч тоглолтыг үргэлжлүүлсэн байна. Гэвч тэрбээр өөрийн давуулалтын үеийг алдаж, улмаар Игнасио Бусе 6-4, 6-4 харьцаагаар ялалт байгуулав. Энэ нь Бусегийн хувьд Медведевтэй тур түвшинд хийсэн анхны тоглолт байлаа.

Тоглолтын дараа Медведев шүүгчтэй гар барилгүй талбайг шууд орхисон бөгөөд хосын төрлийн тоглолтоос нэрээ татсан байна. Тэрбээр ирэх долоо хоногт болох ATP Finals тэмцээнд оролцох эрхээ нэгэнт авсан ч энэ ялагдал түүний сэтгэл зүйд томоохон цохилт болж болзошгүй юм.