АНУ-ын нээлттэй тэмцээн (US Open)-ий үеэр дэлхийн 8-р цэц, 7-р эрэмбэтэй Оросын теннисчин Даниил Медведев болон Америкийн тамирчин Себастьян Горзни нарын тоглолтод хачирхалтай явдал тохиолдлоо.
Хоёрдугаар сэтэд Медведев 4-1 харьцаагаар тэргүүлж байх үед хоёр болжмор шууд тор дээр нисэн ирж суужээ. Тоглогчид үргэлжлүүлэн тоглож, шувууд торон дээр байсаар байсан ч шүүгч Тимо Янзен тоглолтыг зогсоолгүй 45 орчим секунд үргэлжлүүлсэн байна. Улмаар Медведев булан руу цохилт хийж оноо авсны дараа нэг шувуу нисэж, шүүгч тухайн үед л тоглолтыг дахин явуулахаар (let) зарласан юм. Хожсон оноогоо алдсандаа бухимдсан Медведев шүүгчийн суудал руу очин “Энэ бол миний амьдралдаа харсан хамгийн утгагүй шийдвэр. Маш муу байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэхүү маргаантай мөчийг үл харгалзан Медведев дараагийн үед тоглолтоо хянаж, Себастьян Горзниг 6-1, 6-3, 7-5 харьцаагаар буулган авснаар гуравдугаар шатанд шалгарлаа. Тэрбээр тоглолтын турш 14 эйс хийж, ердөө ганцхан брейк пойнттой нүүр тулсан байна.
Тэрбээр тоглолтын дараах ярилцлагадаа шувуутай холбоотой энэ явдлыг US Open дээрх хамгийн ер бусын шилдэг 5 мөчийн нэгээр нэрлэсэн бөгөөд “Би шийдвэрт дуртай байгаагүй ч байдал ийм л байна. Нөхцөл байдал солиотой байсан ч би энэ талбайдаа хайртай, хожсондоо болон Нью-Йоркт үргэлжлүүлэн тоглохоор болсондоо баяртай байна” гэжээ.