“Star Wars” буюу “Одон орны дайн” киноны гол дүрүүдийн нэг Дарт Вейдерийн ашиглаж байсан гэрлийн сэлэм Их Британийн Лондон хотод болсон дуудлага худалдаагаар бараг 5 сая ам.доллароор зарагджээ.
Пүрэв гарагт Heritage Auctions дуудлага худалдааны ордноос зохион байгуулсан “Ultimate Star Wars Auction” арга хэмжээний үеэр уг үзмэр 4.875 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ нь “Star Wars”-ын цуглуулгын эд зүйлс дундаас дуудлага худалдааны дэлхийн дээд амжилтыг тогтоосон явдал болсныг Heritage Auctions мэдээллээ.
Энэхүү гэрлийн сэлмийг тус франчайзын “The Empire Strikes Back” болон “Return of the Jedi” кинонуудад ашигласан аж. Тухайлбал, Cloud City-д өрнөдөг Дарт Вейдер Люк Скайуокерт “Би чиний эцэг байна” гэж хэлдэг киноны оргил хэсгийн тулаанд уг сэлмийг барьж тогложээ.