Долдугаар сарын тэргэл сар буюу "Бугын сар" (Buck moon) энэ долоо хоногийн лхагва гарагт, 10:36 цагт (ET) оргил үедээ хүрэх гэж байна. Энэхүү нэршил нь уугуул америкчуудын уламжлалтай холбоотой бөгөөд эр буганууд эврээ ургуулдаг цаг үетэй давхцдаг тул ийнхүү нэрлэжээ. Энэхүү нэрийг 1930-аад оноос хойш хэвлэгдэн гарч буй "The Old Farmer’s Almanac" сэтгүүлээс анх түгээсэн байна.

"Бугын сар"-аас гадна Номхон далайн баруун хойд хэсгийн Тлингит соёлд энэ сарыг хулд загас буцаж ирэхийг бэлгэдэн "Хулд загасны сар" хэмээн нэрлэдэг байна. Хэрэв та энэ үеэр тэнгэр өөд харвал зөвхөн сарыг төдийгүй олон төрлийн солирын урсгалыг харах боломжтой. Тухайлбал, Southern Delta Aquariids, Alpha Capricornids болон Perseids солирын бороо үргэлжилж байгаа боловч сарны хурц гэрэл тэдгээрийг бүдэгрүүлж болзошгүй юм.

Ажиглалт хийх зөвлөмж

Энэхүү үзэгдлийг ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь орон нутгийн нар жаргаснаас хойшхи 15 минутын дотор юм. Хэрэв та тухайн өдөр харах боломжгүй бол сар хоёр шөнийн турш бүтэн харагдах болно. NASA-гийн эрдэмтдийн зөвлөж буйгаар, хотын гэрлээс хол, харанхуй, нээлттэй талбайг сонгох нь хамгийн тохиромжтой.

Зарим бүс нутагт, тухайлбал АНУ-ын Баруун дунд болон Зүүн хойд хэсэгт Канад улсад гарч буй ойн түймрийн утааны улмаас сар улбар шар өнгөтэй харагдах магадлалтай гэж CNN мэдээлжээ. Мөн энэ үеэр Бумбын ордны нөлөөлөл орших бөгөөд зурхайч Кайл Томасын үзэж буйгаар, энэ нь өөрийгөө илэрхийлэх, ажил мэргэжлийн амжилт болон харилцаа холбоогоо бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэхэд тохиромжтой цаг үе юм.