USDC стэйблкоиныг гаргагч финтек компани болох Circle-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн ажилтан асан Ж.Бенжамин Гринберг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг шүүхэд өгчээ. Пүрэв гарагт гаргасан тус нэхэмжлэлд дурдсанаар, Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) эрх баригч гэр бүлийн нэгэн гишүүн Трампын дэмжлэгтэй World Liberty Financial төсөлд хагас тэрбум ам.доллар оруулахаар тохиролцсон нь АНУ-ын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна.

2 тэрбум ам.долларын хэлцэл ба ашиг сонирхлын зөрчил

Нэхэмжлэлд дурдсанаар, Абу Дабигийн засгийн газрын үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан нь World Liberty Financial төслийн USD1 стэйблкоиноор дамжуулан Ерөнхийлөгчид 2 тэрбум ам.доллар өгсөн гэж буруутгажээ. Энэхүү хэлцлээр нийт 2 тэрбум ам.долларын авлигын ашиг олсон гэх үндэслэлээр шүүхэд хандсан байна.

World Liberty Financial нь Ерөнхийлөгч болон түүний хөвгүүдийн хамтран байгуулсан төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) төсөл бөгөөд Трамп 2025 онд албан тушаалдаа орсныхоо дараа уг төслөөс гарсан юм. Гэсэн хэдий ч нэхэмжлэлд Трамп болон түүний гэр бүлийг төрийн эрхэнд эргэн ирснээсээ хойш крипто бизнес байгуулж, гадаад улс орнуудаас хөрөнгө татах замаар өөрсдөдөө мөнгө оруулах нөхцөл бүрдүүлсэн хэмээн шүүмжилжээ.

Түүнчлэн пүрэв гарагийн нэхэмжлэлд өгүүлснээр, Ерөнхийлөгч крипто хөрөнгө оруулалтын хариуд Эмират улсын удирдлагад дэвшилтэт хиймэл оюуны чип авах эрх олгож, ял шийтгүүлсэн нэгэн этгээдэд өршөөл үзүүлсэн байж болзошгүй хэмээн дурдсан байна. Энэ талаар хоёрдугаар сард Wall Street Journal мэдээлж байжээ.

Хуулийн маргаан ба байр сууриуд

Энэхүү хэрэгт Ерөнхийлөгч Доналд Трамп, World Liberty Financial болон АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф нарыг хариуцагчаар татжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр крипто салбарыг дэмжихээ илэрхийлж, тус салбараас их хэмжээний санхүүжилт босгож байсан билээ. Гэвч Вашингтоны зарим хууль тогтоогчид Трампын гэр бүлийг дижитал хөрөнгийн бизнесээр дамжуулан ашиг олж байгааг шүүмжилж, Трампын дэмжиж байсан дижитал активын “Clarity Act” хуулийн төслийг өнгөрсөн сард дэмжилгүй буцаасан юм.

Доналд Трамп болон Цагаан ордон аливаа ашиг сонирхлын зөрчлийг үргэлж няцаасаар ирсэн. Мөн наймдугаар сард болсон “Clarity Act”-ын санал хураалтын өмнө Трамп мэдэгдэхдээ, түүний гэр бүлийн крипто төслийг шүүмжилж буй Ардчилсан намын гишүүдийг хувьцааны арилжаанаас мөнгө олсон хэмээн хариу буруутгаж байжээ.