АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэй медиа компани болох Trump Media and Technology Group нь крипто салбар дахь хоёр томоохон хэлэлцээрээсээ татгалзаж байгаа тухай Axios мэдээллээ.

Тодруулбал, тус компани Crypto.com биржтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан крипто валютын сан болон "Truth Predict" нэртэй бооцооны платформын ажлуудыг зогсоосон байна. TAE компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Кевин Макгурны мэдээлснээр, дижитал хөрөнгийн сангуудын зах зээл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэт ханасан тул ийм шийдвэр гаргахад хүрсэн гэжээ.

Өнгөрсөн онд Trump Media компани Crypto.com-той хамтран 6.4 тэрбум долларын нөөц бүхий Cronos сан байгуулахаар ажиллаж байгаагаа зарлаж байсан юм. Мөн 2025 онд спортын тэмцээн, сонгууль болон бусад үйл явдлуудад мөнгө байршуулах боломжтой "Truth Predict" платформыг хөгжүүлэхээр төлөвлөж байв.

Зах зээлийн нөхцөл байдал

Дижитал хөрөнгийн сангууд өнгөрсөн жил маш их нэр хүндтэй болж, олон компаниуд Биткойн болон бусад криптовалютыг санхүүгийн тайландаа оруулах замаар хөрөнгөө бүрдүүлж байсан. Гэвч аравдугаар сараас хойш үнийн уналт үүссэн нь энэ төрлийн бизнесийн загварыг баримталж байсан олон компанийн хувьцаанд сөргөөр нөлөөлсөн байна.

Кевин Макгурны хэлснээр, энэхүү татгалзах шийдвэр нь улс төрийн зохицуулалттай холбоогүй, харин зах зээлийн өрсөлдөөний динамик-тай илүү холбоотой ажээ. Ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр крипто салбарыг дэмжихээ амлаж, энэ салбарын томоохон тоглогчдоос дэмжлэг авч байсан билээ. Тэрээр албан тушаалдаа орсныхоо дараа өөрөө мем койн гаргаж, гэр бүлийнхээ хамтаар "World Liberty Financial" нэртэй крипто төслийг дэмжиж байсан юм.

Хэдийгээр эдгээр төслүүд зогссон ч Trump Media, Yorkville Acquisition Corp болон Crypto.com нарын хамтран өнгөрсөн онд танилцуулсан биржийн арилжааны сангууд (ETF) үргэлжлүүлэн ажиллах болно гэж Axios нэмж мэдээллээ.