АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн сангийн (АНУ-ын Төв банк) удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүкийг ажлаас нь халах шинэ оролдлогыг эхлүүлсэн байна. Энэхүү алхам нь Төв банкны хараат бус байдалд халдсан үйлдэл гэж үзэгдэж байгаа юм.

Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Дээд шүүхээс Лиза Күүкийг албан тушаалаас нь чөлөөлөх Ерөнхийлөгчийн оролдлогыг эсэргүүцсэн шийдвэр гаргаж байсан ч Дональд Трамп уг асуудлыг дахин сөхөж буй нь Reuters агентлагийн олж авсан захидлаас тодорхой болжээ.

Цагаан ордноос энэ долоо хоногт Лиза Күүк рүү илгээсэн захидалд Ерөнхийлөгч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг “хэлэлцэж” байгааг дурдсан байна. Мөн уг захидалд түүнийг орон сууцны зээлтэй холбоотой нотлогдоогүй залилангийн хэрэгт холбогдуулан тайлбар өгөхийг шаарджээ.