Исланд-Хятад гаралтай, Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Лэйвэй (Laufey) дэлхийн олон орны томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтоо толилуулж байгаа ч тайзан дээр хийхээс одоог хүртэл эмээдэг нэгэн зүйлийнхээ талаар хуваалцжээ. Тэрээр "The Hit Network"-ийн "Hot Hits with Nic & Loren" нэвтрүүлэгт оролцохдоо тайзан дээр байхдаа үзэгчдийн нүд рүү эгцэлж харахаас эмээдэг хэвээр байгаагаа ярьсан байна.

Лэйвэй энэхүү айдсаа өөрийнх нь сонгодог хөгжмийн боловсролтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр "Би багадаа виолончель тоглож өссөн юм. Тоглож байхдаа үзэгчдээс нэг хүнийг сонгож аваад, санамсаргүйгээр нүд рүү нь ширтчихдэг байлаа" хэмээн дурссан байна. Гэвч нэгэн удаагийн тоглолтын дараа багш нь түүнд "Хөгжим тоглож байхдаа хүмүүс рүү эгцэлж харж болохгүй, энэ нь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг" гэж хэлсэн нь түүний сэтгэлд хоногшин үлджээ. Дуучин бүсгүй "Тиймээс одоо би хүмүүсийг эвгүй байдалд оруулахаас маш их айдаг болсон. Тайзан дээр байхдаа үргэлж энэ тухай боддог" гэжээ.

Гэхдээ үүнд нэгэн онцгой тохиолдол байдаг аж. Лэйвэй өөрийн тоглолтоо өндөрлүүлдэг "Letter to My 13 Year Old Self" (13 настай өөртөө бичсэн захидал) дуугаа дуулах үедээ үзэгчдийн дундаас залуу шүтэн бишрэгчдээ зориуд хайдаг байна. Тэрээр "Энэ бол миний бага насны өөртөө зориулж бичсэн захидал учраас үзэгчдийн дундаас залуу охидыг олж, тэдэнтэй харц тулгарах дуртай. Гэвч заримдаа тэд уйлж байдаг бөгөөд энэ нь намайг дагаад уйлахад хүргэдэг. Тиймээс хүмүүс рүү хэт ойроос харж чаддаггүй өөр нэг шалтгаан минь энэ юм" гэж хуваалцжээ.

Сонирхолтой нь, Лэйвэйд жижиг театруудаас илүү том хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгийн (arena) тоглолтууд илүү дотно мэдрэмж төрүүлдэг байна. Тэрээр "Цэнгэлдэх хүрээлэнд би бүх талаараа хүрээлүүлж, шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойр байгаа мэт санагддаг. Хаалтны дэргүүр алхаж, тэдэнтэй тулж харьцах боломж олддог" хэмээн тайлбарлаж, орчны том орон зай болон өөрийнх нь дуунуудын намуухан аялгуу хоорондын ялгаа нь дотно уур амьсгалыг улам нэмэгдүүлдэг гэв.

Түүнчлэн тэрээр өөрийнх нь нэр хүнд өөр салбарт ч өсөж буйн нэгэн илрэл болсон хөгжилтэй түүхийг хуваалцсан байна. Лэйвэйг алдарт Fortnite тоглоом дахь түүний дүр төрхөөр хүмүүс таньж эхэлжээ. Тэрээр "Өчигдөр би ресторанд байж байтал зөөгч надаас 'Чи Fortnite дээр байдаг охин мөн үү?' гэж асуусан. Заримдаа би тоглоом дотор өөрийнхөө дүртэй таарч, бид бие бие рүүгээ бууддаг" хэмээн инээмсэглэн ярьжээ.

Эдгээр үйл явдлууд нь Исланд-Хятад гаралтай уран бүтээлчийн хувьд амжилт арвинтай жилийнх нь үргэлжлэл болж байна. Түүний гурав дахь студийн цомог болох "A Matter of Time" нь 2025 оны есдүгээр сард Billboard 200 чартын 4-р байранд дебют хийсэн нь түүний тус чартын эхний 10-т багтсан анхны тохиолдол бөгөөд 2018 оноос хойших хамгийн өндөр амжилт үзүүлсэн жазз цомог болсон юм. Энэхүү цомог нь Billboard-ийн Жазз цомог, Уламжлалт жазз цомог, Бие даасан уран бүтээлчдийн цомог болон Винил цомгийн чартуудыг нэгэн зэрэг тэргүүлсэн байна. Улмаар 2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг уламжлалт поп вокал цомог" (Best Traditional Pop Vocal Album) шагналыг хүртсэн юм. Энэ нь түүний тус төрөлд авсан дараалсан хоёр дахь шагнал бөгөөд өмнө нь түүний "Bewitched" (Billboard 200 чартын 18-р байранд хүрч байсан) цомог 2023 онд уг шагналыг авч байжээ.

Австралийн чартад хоёр ч цомог нь шилдэг 10-т багтаж байсан Лэйвэй саяхан тус улсад хийсэн найман цуврал тоглолт бүхий аялан тоглолтоо дуусгаад байна.