Алдарт поп дуучин Пинк (Pink) рэппер Мэклмор (Macklemore)-ын тоглолтын үеэр "Палестиныг чөлөөл" хэмээн уриалсантай холбоотой өөрийн байр суурийг тайлбарлаж, цахим орчинд гарсан шүүмжлэлд хариу өглөө. Энэ явдал рэппер Мэклмор Нью-Жерси дэх "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болсон дуучин Эд Шираны "Loop Tour" аялан тоглолтыг нээх үеэр Палестиныг дэмжсэн үг хэлснээс эхлэлтэй юм.

Түүний уг үйлдлийн дараа Пинк өөрийн цахим хуудаснаа StopAntisemitism байгууллагын нийтлэлийг дахин хуваалцсан (repost) бөгөөд уг нийтлэлд Мэклморын үйлдлийг шүүмжилж, түүнийг аялан тоглолтоос хасахыг уриалсан байв. Үүний дараа дуучин шүүмжлэлд өртөж, 9 дүгээр сарын 11-ний Баасан гарагт Instagram хуудсаараа дамжуулан урт тайлбар хийжээ.

Пинк мэдэгдэлдээ, бусдын бичсэн постыг хуваалцсан нь өөрийнх нь үг биш байсныг онцлоод, шүүмжлэл ирэхэд эхэндээ шог зураг, меме нийтэлж байсандаа хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр еврей үндэстэн болж төрснөө хэзээ ч нуугаагүй бөгөөд хуваалцсан пост болон түүний гарал үүслээс болж олон нийт өөрийнх нь үзэл бодлыг дур мэдэн тодорхойлсонд сэтгэл дундуур байгаагаа дурджээ.

Түүнчлэн Пинк Израиль эсвэл ямар нэгэн засгийн газрыг төлөөлөн яриагүй гэдгээ тодотгоод, "Хамас бол террорист байгууллага. Палестинчууд хүн чанар, хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэсэн ирээдүйг хүртэх эрхтэй. Гэм зэмгүй хүний амийг хамгаалах нь хаана ч нэгдүгээрт тавигдах ёстой бөгөөд хүүхдийн үхлийг хэн ч баярлан тэмдэглэх ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр мөн ЮНИСЕФ (UNICEF)-ийн элчээр арван жилийн турш ажиллаж, дайнд өртсөн хүүхдүүдийн төлөө хаана төрснөөс нь үл хамааран тэмцэж ирснээ дурджээ. Пинк 2014 онд Мэклморын өмссөн өмсгөл еврейчүүдийг доромжилсон гэж шүүмжлүүлж байсныг дурдаад, өнгөрсөн долоо хоногийн тоглолтын үеэр дэлгэцээр дайны хүчирхийллийн дүрс гаргаж, цэнгэлдэх хүрээлэнд байсан еврейчүүдэд хандан энэ нь тэдэнд хамаагүй гэж хэлсэн нь өөрийг нь эмзэглүүлсэн тул тухайн постыг хуваалцсан хэмээн тайлбарлав. Тэрээр хэзээ ч бусад уран бүтээлчийн дуу хоолойг хаахыг шаардаж байгаагүй гэдгээ бататгасан байна.