Америкийн алдартай поп дуучин Чаппелл Роан Лос-Анжелес хотын «Shrine» танхимд аравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хоёр өдрийн хандивын тоглолт хийхээр төлөвлөж байна. «Super Graphic Spectacular» нэртэй энэхүү арга хэмжээний орлого нь түүний үүсгэн байгуулсан Midwest Princess Project буяны санд хандивлагдах юм.

Дуучин бүсгүй өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү тоглолтынхоо талаар мэдээлэхдээ, уг тоглолт нь драг үзүүлбэр, бүжиг, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байх болно гэдгийг онцолжээ. Тэрээр мөн өөрөө тусгай үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна. Тоглолтын үеэр ЛГБТК+ нийгэмлэгтэй ажилладаг Лос-Анжелес хотын байгууллагууд хүрэлцэн ирж, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Тоглолтын тасалбарыг авах хүсэлтэй хөгжөөн дэмжигчид наймдугаар сарын 11-ний дотор албан ёсны цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой бөгөөд амжилттай бүртгүүлсэн хүмүүст наймдугаар сарын 17-19-ний хооронд нэмэлт мэдээлэл илгээх ажээ.

Чаппелл Роан нь өнгөрсөн жил Midwest Princess Project төслийг эхлүүлсэн бөгөөд үүнээс өмнө өөрийн тоглолтуудаараа дамжуулан 400 мянга гаруй долларын хандив цуглуулж байсан туршлагатай. Тэрээр «хүмүүст баяр баясгалан бэлэглэх» нь тайзан дээр гарах гол шалтгаан нь гэж үздэгээ олонтаа илэрхийлж байв. Мөн өнгөрсөн хугацаанд хөгжмийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөндөж, өөрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан билээ.