Колумбын нэрт поп од Шакира эх орондоо болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн сургуулиудыг сэргээн засварлахад зориулж эхний ээлжид 1.25 сая ам.доллар хандивлахаа мэдэгдлээ. Тэрбээр хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болох Чоко мужийн нийслэл Кибдо хотод 8-р сарын 17-ны Даваа гарагт гэнэтийн айлчлал хийх үеэрээ энэхүү шийдвэрээ танилцуулсан байна.
Наймдугаар сарын 10-нд Колумбын баруун хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүний аминд хүрснээс гадна 200 орчим сургууль эвдэрч сүйдсэн гэж мэдээлжээ. Шакира эвдэрсэн анги танхимуудтай танилцаж, сурагчид, багш нар болон мужийн захирагч Нубиа Каролина Кордоба, хотын дарга Рафаэль Боланьос нартай уулзан нөхцөл байдлыг сонссон байна.
Энэхүү 1.25 сая долларын тусламжийг хэд хэдэн байгууллага хамтран босгож байгаа юм. Тодруулбал, Шакира болон Live Nation-оос 500 мянган доллар, FIFA Global Citizen Education Fund-аас 500 мянган доллар, Латин Америк, Карибын хөгжлийн банкнаас (CAF) 250 мянган долларыг гаргаж байна. Эдгээр хөрөнгийг Шакирагийн 1997 онд байгуулсан Fundación Pies Descalzos (Хөл нүцгэн сан)-аар дамжуулан сургуулиудыг сэргээн босгох, хүүхдүүдийг танхимын сургалтад нь буцаан оруулахад зарцуулна.
Түүнчлэн түүнтэй хамт ажиллаж ирсэн буяны үйлстэн Ховард Баффет тус мужид нэмж 10 сургууль барьж сэргээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарлажээ.
Шакира сэтгүүлчдэд хандан "Онц байдал дууссаны дараа сургуулиудыг дахин сэргээн барихгүй үлдээх вий гэдэг нь миний сэтгэлийг хамгийн их зовоож байна. Хүүхдүүд сургуульдаа явахгүй өдөр хоног бүр нь тэд ирээдүйгээ алдаж буй хэрэг юм" хэмээн онцолжээ.