Словак гаралтай дуучин, дуу зохиогч Adéla өөрийн анхны бие даасан PRIMA цомгоо Баасан гарагт цацахаар зэхэж байна.
Тэрээр бие даасан уран бүтээлээ эхлүүлэхээсээ өмнө HYBE болон Geffen-ий хамтарсан The Debut: Dream Academy тэмцээнд оролцож байснаар олон нийтэд анх танигдсан юм. Энэхүү тэмцээнээс дэлхийн охидын хамтлаг болох KATSEYE бүрэлдэн гарсан билээ. Хэдийгээр Adéla уг шоунд богино хугацаанд оролцсон ч поп хөгжмийн хүрээнд түүний байр суурь тасралтгүй тэлсээр байв. Мөн хамтлаг хэрхэн бүрэлдэн бий болсон урт хугацааны үйл явцыг харуулсан Netflix-ийн Pop Star Academy: KATSEYE баримтат бүтээл түүний олонд харагдах боломжийг улам нэмэгдүүлжээ.
Түүний уран бүтээл жүжигчин Николь Кидманы анхаарлыг ч татаад буй. Николь Кидман Adéla-гийн тоглолтыг Нашвилл хотод үзэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд 'Nicole Kidman' дууг дуулсан Adéla үүнд ихэд баярлан догдолж буйгаа илэрхийлсэн байна.
Adéla-гийн гаргах гэж буй 'PRIMA' төсөл нь түүнийг өндөр амжилтад хүргэж магадгүй гэж Billboard онцолжээ. Залуу эмэгтэй хүний амьдралын ээдрээтэй, эмх замбараагүй талуудыг ч өөрийн хөгжимд тусгадаг тэрээр өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүтээж байна. Шинэ цомог гарахаас өмнө Billboard сэтгүүл түүний замналыг харуулах, эргэн сонсох болон шинээр нээж үзэхэд тохиромжтой зургаан дууг нэрлэн танилцуулжээ.