Словак гаралтай, 22 настай дуучин бөгөөд дуу зохиогч ADÉLA-гийн анхны бүрэн хэмжээний студийн цомог болох “PRIMA” амжилттай нээлтээ хийж, Billboard-ийн хоёр ч жагсаалтыг тэргүүллээ. Түүний цомог 9 дүгээр сарын 19-ний байдлаар “Top Album Sales” болон “Vinyl Albums” жагсаалтын 1-р байранд бичигдсэн байна.

Түүнчлэн уг цомог нь нийт цомгийн нэгдсэн Billboard 200 жагсаалтын 4 дүгээр байранд орж ирсэн нь энэ онд гарсан анхны бие даасан студийн цомгуудын дундах хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Luminate-ийн мэдээлснээр, “PRIMA” цомог 9 дүгээр сарын 10-наар дуусгавар болсон долоо хоногт АНУ-д 56,000 цомгийн эквивалент нэгж цуглуулсан бөгөөд үүний 31,000 нь цомгийн цэвэр борлуулалт (үүний 12,000 нь пянз) байжээ.

ADÉLA нь 2023 онд KATSEYE хамтлагийг төрүүлсэн “Dream Academy” реалити шоунд оролцож олны анхааралд өртсөн юм. Тус нэвтрүүлгээс хамгийн эхэнд хасагдсан оролцогчдын нэг байсан ч тэрбээр 2024 онд анхны сингл “Homewrecked”, удалгүй “Superscar” дуунуудаа гаргасан билээ. Улмаар 2025 онд Capitol Records-той гэрээ байгуулж, “The Provocateur” нэртэй анхны EP цомгоо цацсан түүхтэй.

Тэрбээр наймдугаар сард “PRIMA” цомгийн “Ain’t in LA” дуугаараа Billboard Hot 100 жагсаалтад анх удаа багтаж байсан бол энэ долоо хоногт тус дуу нь 57-оос 30-р байр луу ахин, уран бүтээлчийн анхны шилдэг 40-д багтсан хит боллоо. Мөн цомгийн “Nicole Kidman” дуу нь тус жагсаалтын 45-р байранд шинээр орж ирсэн байна.