Америкийн дуучин D4vd буюу жинхэнэ нэр нь Дэвид Энтони Бёрк-ийн холбогдсон хүн амины хэргийн урьдчилсан сонсгол үргэлжилж байна. Прокуроруудын мэдээлснээр, дуучин залуу 14 настай Селесте Ривас Эрнандес гэх охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд шүүх хурал дээр хохирогч охин 13 настайдаа жирэмсэн байсан гэх нотлох баримтуудыг дэлгэжээ.

Шүүх хурал дээр танилцуулсан гар утасны мессежүүдээс үзвэл, дуучин болон талийгаач охин хоёрын хооронд харилцаа байсан нь илэрхий байгаа юм. Тухайлбал, охин 13 настай байхдаа жирэмсэн болж, үр хөндүүлсэн тухай мессежүүд олдсон байна. Прокурорууд Дэвид Бёркийн iCloud дата болон гар утаснаас сэжигтэн болон хохирогчийн хооронд 2022 оны 8-р сараас хойш харилцаж байсан баримтуудыг гаргаж иржээ. Тухайн үед охин 11 настай, харин дуучин 17 настай байсан аж.

Мөрдөн байцаалтын явцад олж илрүүлсэн мессежүүдэд дуучин залуу “ийм зүйл туулгасанд” уучлалт гуйж, охин “бид хоёр хүүхдээ харж хандах чадваргүй” гэх утгатай хариулт бичиж байжээ. Мөн 2024 оны 6-р сард Дэвид Бёрк “жинхэнэ хүүхэдтэй болох хүртлээ энэ үр хөндөлтийг сүүлчийнх нь болгоё” хэмээн бичсэн нь шүүхэд нотлох баримтаар бүртгэгдсэн байна.

Прокурорын зүгээс дуучин залууг охиныг 13 настай байхаас нь эхлэн бэлгийн дарамтад оруулж байсан хэмээн үзэж байна. Хохирогч охин тэдний бэлгийн харилцааны талаар олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлсний улмаас дуучин залуу түүнийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй гэж үзжээ. Хэргийн газраас охины цогцсыг дуучны эзэмшлийн Тесла машины ачааны хэсгээс олсон бөгөөд сэжигтэн залууг хэрэг гарсны дараа хөрөө, хүрз болон биеийн уут зэргийг онлайнаар худалдан авсан гэж мөрдөгчид мэдүүлсэн байна.

Дэвид Бёрк нь хүн амины болон бэлгийн хүчирхийллийн хэргүүдэд буруугүй хэмээн мэдүүлж байгаа бөгөөд хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй гэж мэдэгджээ. Одоогоор шүүгч түүнийг шүүх хуралд оруулах эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байна.