“Romantic Homicide” дуугаараа олонд танигдсан 21 настай дуучин Дэвид Энтони Бёрк буюу D4vd-ийн холбогдсон хүн амины хэргийн урьдчилсан шүүх хурал Лос Анжелес хотод үргэлжилж байна. Түүнийг 14 настай Селесте Ривас Эрнандезийг хөнөөж, цогцсыг нь эвдэлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Шүүх хурлын хоёр дахь өдөр Interscope Capitol Labels Group-ийн санхүүгийн ажилтан гэрчийн мэдүүлэг өгчээ. Түүний мэдээлснээр, D4vd нь хэрэг гарахын өмнө өөрийн дуу бичлэгийн гэрээний хүрээнд 7 сая гаруй ам.долларын орлого олсон байна. Прокурорын зүгээс дуучныг өсвөр насны охинтой тогтоосон хууль бус бэлгийн харилцаагаа нуухын тулд түүнийг хөнөөсөн гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ энэ нууц задарвал түүний амжилттай яваа хөгжмийн карьер эрсдэлд орох байсан гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Хэргийн мөрдлөгөөр тогтоогдсоноор, D4vd-ийн менежментийн Mogul Vision компанийн санхүүгийн ажилтан түүнийг нийтдээ 10-11.5 сая ам.долларын орлого олсон гэж тооцоолсон байна. Interscope/Darkroom студи 2025 оны 12-р сард дуучныг гэрээнээсээ хассан нь Ривасын цогцос дуучны эзэмшлийн Tesla автомашинаас олдсоны дараа болжээ.
Шүүх хурлын үеэр мөрдөн байцаагчид D4vd-ийг хэрэг гарах үед машиныхаа жолооны ард байсан болохыг нотлох баримтуудыг танилцуулсан байна. Мөн тэрээр охиныг нас барсны дараа гурван ширхэг цахилгаан хөрөө захиалсан гэх нотлох баримт гарч иржээ. Дуучин D4vd бүх ял тулгалтад гэм буруугүй хэмээн мэдүүлж байгаа бөгөөд түүний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ эрчимтэй хамгаалахаа мэдэгдээд байна.
Урьдчилсан шүүх хурал хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд эцэст нь шүүгч прокуроруудын цуглуулсан нотлох баримт хэргийг шүүх хурал руу шилжүүлэхэд хангалттай эсэхийг шийдвэрлэх болно.