Америкийн дуучин D4vd (жинхэнэ нэр нь Дэвид Энтони Бёрк)-ийн Apple Music дахь албан ёсны хаяг хакердуулсан хэрэг гарчээ. Түүнийг 14 настай Селесте Ривас Эрнандесыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд одоогоор хэргийн урьдчилсан сонсгол үргэлжилж байна.

Хакерууд түүний хаягт нэвтэрч, “I Did It” нэртэй хуурамч дууг богино хугацаанд байршуулсан байна. Энэхүү дуу нь уран бүтээлчийн өөрийнх нь бүтээл биш болохыг баталж, даруй устгасан юм. Тус дуу нь хохирогч охиныг хайрлаж буйгаа илэрхийлсэн агуулгатай байжээ. Мөн уг дууны нүүр зурагт Бёркийн эзэмшлийн Tesla машин дүрслэгдсэн байв.

Хуульч Лу Шапиро энэ талаар тайлбарлахдаа, уг хэрэг олон улсын хэмжээнд анхаарал татаж байгааг онцлоод, одоо хүмүүс түүний цахим хаяг руу халдах зэрэг үйлдэл хийж эхэлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Дуучин Бёрк нь 14 настай охиныг хөнөөсөн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байна. Прокурорын зүгээс түүнийг интернэтээр багаж хэрэгсэл худалдан авч, хохирогчийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь эвдэн бутаргасан гэж үзэж байгаа юм. Шүүх хурлын үеэр мөрдөн байцаагчид түүний эзэмшлийн Tesla машинаас хүний цогцосны үлдэгдэл олдсон гэх зэрэг нотлох баримтуудыг танилцуулжээ.

Хэрэгт холбогдогчийн өмгөөлөгчид түүнийг гэм буруугүй гэдгийг нотлохын тулд хичээнгүйлэн ажиллана хэмээн мэдэгдээд байна.