АНУ-ын поп од, 21 настай Sombr саяхан Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн биеийн галбир болон хооллолтын асуудлын талаар нуулгүй ярьсан байна. Тэрээр зургаадугаар сарын сүүлээр гаргасан “My Body Isn’t Ready” нэртэй дуугаараа дамжуулан энэ сэдвийг хөндсөн бөгөөд дууны үгэнд “Би чамд таалагддаг ч миний бие бэлэн биш байна, би чамайг хүсэж байгаа ч толь намайг зөвшөөрөхгүй нь” хэмээн өгүүлдэг.

Sombr ярилцлагынхаа үеэр өөрт нь тулгардаг хооллолтын асуудлын талаар дурдахдаа: “Заримдаа би хоол идэх дургүй байдаг бөгөөд хоол идэх нь намайг бөөлжис хүрэхэд хүргэдэг. Би юу идэхээ хэзээ ч сонгож чаддаггүй, ямар нэгэн зүйл идэх хүсэл төрдөггүй. Ихэнхдээ тоглолтынхоо өмнө би хүчээр хооллодог, ингэж байж л тайзан дээр гарах эрч хүчтэй болдог. Энэ бол миний амьдралын туршид үргэлжилж буй тэмцэл юм” гэжээ.

Тэрээр өөрийн шүтэн бишрэгчдэдээ хандан: “Намайг дагаж мөрддөг, өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус байж болох хүмүүст би ч бас үргэлж өөртөө сэтгэл хангалуун байдаггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн” гэж тайлбарласан байна. Түүний энэхүү илэн далангүй байдал нь шүтэн бишрэгчдийнх нь дунд эерэг хүлээж авагджээ.

Sombr өмнө нь TikTok сүлжээнд өөрийнх нь гадаад төрхийг шүүмжилсэн хүмүүсийн хариуд энэ нь биеийн галбирыг гутаан доромжилсон үйлдэл болохыг сануулж байсан удаатай. Тэрээр 2024 онд “Back to Friends” дуугаараа олны танил болсон бөгөөд энэ жил Taylor Swift-ийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, түүний дуунуудыг дуулсан нь олны анхаарлыг татсан билээ.