Сүүлийн үед нэр хүнд нь эрчимтэй өсөж буй 21 настай дуучин, ая зохиогч sombr (жинхэнэ нэр нь Шэйн Бүүс) өөрийг нь сошиал орчинд "nepo baby" буюу гэр бүлийн нөлөөгөөр амжилтад хүрсэн гэж үзэж байгааг эрс үгүйсгэлээ. Тэрбээр ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг яриаг огт ойлгохгүй байгаагаа хуваалцсан байна.
Түүний аав Энди Бүүс урьд нь хөгжимчин байсан бөгөөд хожим нь ДОХ/ХДХВ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг эвент продюсер болсон бол ээж Бенна Серфати нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг аж. Эцэг эхийнхээ хийдэг ажлыг гэрээ байгуулах эсвэл амжилттай уран бүтээлч болоход тусалсан гэж бодох нь түүний хувьд "үнэхээр утгагүй" хэрэг гэнэ. sombr ярихдаа: "Би аав, ээжийгээ үргэлж хүндэлнэ. Амьдралаа ийм зүйлд зориулсанд нь маш их бахархдаг. Гэтэл аав минь ДОХ-ын эсрэг тэмцэлд амьдралаа зориулсны ачаар би гэрээ хийж, том уран бүтээлч болсон гэж бодох нь үнэхээр солиотой хэрэг" хэмээн дурджээ.
sombr анх Нью-Йоркийн Fiorello H. LaGuardia урлагийн сургуульд Итали, Германы дуурийн чиглэлээр суралцаж байгаад хөгжимдөө илүү анхаарахын тулд сургуулиа орхисон байна. Түүний 2022 оны "Caroline" дуу TikTok дээр анхаарал татаж, улмаар Warner Records дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулжээ. Гэсэн ч дараагийн хэд хэдэн дуу нь төдийлөн амжилт олоогүй тул гэрээгээ цуцлуулах вий гэж эмээж байсан аж.
Харин 2024 оны сүүлээр гаргасан "Back to Friends" дуу нь түүний карьерт томоохон эргэлт авчирсан юм. Уг дуу 2025 оны дөрөвдүгээр сард Billboard Hot 100 чартын 90-д анх орж, улмаар 7-р байр хүртэл ахиснаас гадна Billboard-ийн Alternative Airplay чартыг тэргүүлжээ. Мөн түүний анхны цомог болох "I Barely Know Her" нь 2025 оны наймдугаар сард Billboard 200 чартын 14-р байранд бичигдсэн бөгөөд уг цомгоос "12 to 12" дуу нь Hot 100 чартад амжилттай багтсан байна.