Talking Heads хамтлагийн гоцлол дуучин асан, нэрт хөгжимчин Дэвид Бёрн өөрийн дугуй унахдаа сонсдог хөгжмийн жагсаалтаа олон нийтэд дэлгэлээ. Тэрээр одоогоор өөрийн шинэ бие даасан цомог болох «Who Is The Sky?»-г сурталчлах аялан тоглолтоо хийж байгаа юм.

Аялан тоглолтынхоо үеэр Дэвид Бёрн болон түүний хамтлагийнхан орон нутгийн газруудыг судлахын тулд эвхэгддэг дугуй ашигладаг байна. Тэрээр энэ талаар "Хэрэв надад чөлөөт цаг гарвал би толгойгоо сэргээхийн тулд дугуй унадаг. Хэрэв би ганцаараа, аюулгүй зам дээр явж байвал энэ жагсаалтаа сонсдог" хэмээн тайлбарлажээ. Түүний энэхүү жагсаалтад Оливия Родриго, Фиби Брижерс, Мицки, Уиллоу зэрэг уран бүтээлчдийн дуунууд багтсан байна.

Тэрээр мөн поп хөгжмийн өнөөгийн төлөв байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Бёрны үзэж байгаагаар поп хөгжмийн хил хязгаар улам бүр өргөжиж, уламжлалт болон орчин үеийн хэв маягийн ялгаа бүдгэрч байна. "Миний бодлоор поп хөгжим гэдэг ойлголт маш өргөн хүрээтэй. Зарим дууг олон нийт үндсэн урсгалынх гэж үздэг ч, тэдгээр нь өөрийн хэлбэр хийцээрээ шинэлэг байдаг. Миний хувьд эдгээр дуунууд бүгд тэнцүү бөгөөд хөгжмийн дүрэм гэдэг бол зөрчигдөхийн тулд л байдаг гэж боддог" хэмээн тэрээр онцолжээ.

Дэвид Бёрн нь 2018 оны «American Utopia» цомгоосоо хойш анх удаа шинэ цомог гаргаад байгаа бөгөөд уг бүтээлд Хейли Уильямс, Сент Винсент болон The Smile хамтлагийн Том Скиннер нар хамтран ажилласан билээ.