Америкийн алдарт дасгалжуулагч Дэйон Сандерс хоёр хуруугаа тайруулахад хүргэсэн хагалгаанаас хойш таван жил өнгөрснийг тохиолдуулан зүүн хөлийнхөө бодит зургуудыг Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Харин түүний хүү, Cleveland Browns багийн квотербек Шедур Сандерс уг нийтлэлийн доор “Сануулга тавих хэрэгтэй” гэсэн товч сэтгэгдэл үлдээсэн байна. Энэ нь бэртэл гэмтлийн зураг хараад тавгүйрхдэг хүмүүс болон магадгүй өөрт нь зориулж, анхааруулга тавихыг хүссэн утгатай байж болзошгүй харагдаж байв.

Дэйон Сандерсын нийтэлсэн зургуудад хөлийн дээрх оёдол, хөхөрсөн хэсгүүд болон нэг хуруунаас нь үзүүртээ ногоон бөмбөлөгтэй хатгуурын төмөр цухуйсан нь харагдаж байв. Тэрбээр өөрийгөө өрөвдүүлэх гэж биш, харин бурхан бодитой бөгөөд хамт байдгийг харуулахын тулд эдгээр зургийг хуваалцсан гэдгээ тайлбарлаж, цаашид дахин хэдийг нэмж нийтлэх бодолтой байгаагаа дурджээ.

Энэхүү эрүүл мэндийн хүнд сорилт нь 2021 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Jackson State багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа хөлийн мултарсан хуруу болон мэдрэлийн үрэвслийн улмаас мэс засалд орсноор үүсчээ. Улмаар цусны бүлэгнэл үүсэж, тухайн оны аравдугаар сард эмнэлэгт 23 хонохдоо гурван долоо хоногийн дотор нийт найман удаагийн хагалгаанд орсон байна. Эмч нар түүний зүүн хөлийн эрхий болон хоёр дахь хурууг нь тайрсан бөгөөд нэг үе өвдөгнөөс доош хөл тайрах тухай ч яригдаж байжээ.

Дэйон Сандерс хуруу тайруулснаас гадна 2023 онд баруун хөлнөөсөө цусны нөж авахуулах хагалгаанд орсон бөгөөд 2025 онд хорт хавдар илэрсний улмаас давсгаа авахуулснаа мэдэгдэж байв. Харин есдүгээр сард тэрбээр зүүн хөлийнхөө хоёр хуруунд зориулсан силикон хиймэл хуруутай болж, биеийн тэнцвэрээ хадгалах болон алхахад нь тус дэм болж байгааг харуулсан юм.