WBA холбооны bantamweight жингийн дэлхийн аварга асан Шэннон Кортни саяхан өвдөгнийх нь хагалгааны эрэг гарч ирсэн маш хүнд өвдөлттэй байхдаа рингэнд тулалдсанаа сошиал хуудсаараа дамжуулан илчилсэн байна.

Кортни өнгөрсөн сард Эбони Коттонтой хийсэн тулаанаа тэнцээгээр өндөрлүүлсний дараа дахин хагалгааны ширээнд суухаас өөр аргагүй болжээ. Тэрбээр Инстаграмдаа нийтэлсэн постондоо өмнө нь хэрээсэн холбоос (ACL) засуулах мэс засалд орж байсан өвдөг нь 6 сарын өмнөөс өвдөж эхэлснийг дурдсан байна. Улмаар 8 долоо хоногийн өмнөөс алхахад ч хүндрэлтэй болж, шинжилгээ өгөхөд өмнөх хагалгааных нь нэг эрэг өвдөгнөөс нь цухуйж гарч ирсэн байсныг олж мэджээ.

Тэрбээр тулааны бэлтгэл сургуулилалт болон тулааны үеэр маш их өвдөлт мэдэрч байсан бөгөөд хавдар, өвдөлтөө намдаахын тулд эмчид хандаж байснаа хуваалцсан байна. Мөн эмч нар суларсан эргийг авахаар хагалгаа хийх явцад дотроос нь уйланхай (киста) илрүүлсэн гэдгээ нэмж хэлжээ. Кортни эмнэлгийн орон дээр хэвтэж буй болон өвдөлт үүсгэсэн эргийнхээ зургийг олон нийтэд харуулсан байна.

Тэрбээр өөрийг нь дэмжсэн Most Valuable Promotions (MVP) болон түүнийг үүсгэн байгуулагч Жейк Пол, Накиса Бидариан, тулаан зохион байгуулагч Майк Леанарди нарт талархал илэрхийлжээ.

Шэннон Кортни 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд Эбани Бриджесийг ялж WBA холбооны дэлхийн аварга болж байсан ч дараа нь жингээ барьж чадалгүй бүсээ хураалгаж, улмаар Жэйми Митчеллд ялагдаж байв. Үүний дараа тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, аавыгаа алдах зэрэг хүнд үеүдийг туулж, удаан хугацаанд завсарласны эцэст рингэндээ эргэн ирсэн юм. Өдгөө 33 настай Кортни хурдан эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд дахин дэлхийн аварга болох, мөн өөрийн хуучин өрсөлдөгч Эбани Бриджестэй даагаа нэхэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.