Сүүлийн жилүүдэд хөгжмийн стриминг үйлчилгээ хөгжихийн хэрээр дуучид, уран бүтээлчид эх орныхоо хил хязгаараас хальж, дэлхийн өнцөг булан бүрд сонсогчтой болох боломж бүрдээд байна. Гэвч шинээр хөгжиж буй зах зээлүүдэд тоглолт хийх дэд бүтэц хангалтгүй байгаа нь аялан тоглолтын салбарын өсөлтийг удаашруулж буйг амьд хөгжмийн салбарын төлөөлөгчид анхаарууллаа.

Лос-Анжелес хотод болсон 2026 оны Billboard Live Music Summit-ийн үеэр энэ асуудлыг хөндсөн байна. Хөгжиж буй зах зээлүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулах танхим цөөн тул агентууд болон продюсерууд аялан тоглолтын товоо хэдэн жилээр урьдчилан төлөвлөхөөс өөр аргагүйд хүрч буй аж. OCESA компанийн олон улсын арга хэмжээ хариуцсан захирал Гильермо “Мемо” Парра "Бидэнд улс орон бүрийн дэд бүтэц үнэхээр хэрэгтэй байна" гэжээ.

Дэлхийн томоохон энтертайнмент компани болох AEG-ийн дэд ерөнхийлөгч Энджи Ро Азийн бүс нутаг дахь эрэлтийг хангахыг зорьж байгаа ч арга хэмжээ зохион байгуулах талбайн хомсдолтой тулгарч буйг дурдсан байна. Тэрбээр "Хүсэл эрмэлзэл, шүтэн бишрэгчид байж болох ч бидэнд зориулалтын байр танхим хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Oak View Group (OVG) зэрэг компаниуд дэлхийн зах зээл дэх орон нутгийн түншүүдтэй хамтран шинэ байгууламж барихаар ажиллаж байна. Тус компанийн төлөөлөгч Стив Коллинсийн хэлснээр тэдний санал болгосон 10 барилга тутмын нэг эсвэл хоёр нь л бодит ажил болдог бөгөөд одоогоор Дублин болон Мадрид хотуудад спортын бус, зөвхөн хөгжмийн зориулалттай цэнгэлдэх хүрээлэн хөгжүүлж байгаа аж.

Түүнчлэн Live Nation компанийн аялан тоглолтын продюсер Нидиш Варугесийн мэдээлснээр, тус компани Энэтхэгийн зах зээлд өсөлт гаргахад анхаарч, авто уралдааны зам дээр тоглолт хийж эрэлтийг шалгасны дараа OVG-тэй хамтран тус улсад шинэ талбай хайж эхэлжээ. Мөн Төв Азийн зарим улсын засгийн газрууд тоглолтыг аялал жуулчлалыг дэмжих сайн хэрэгсэл гэж үзэж байгааг тэрбээр дурдаад, Киргизстаны засгийн газрын дэмжлэгтэйгээр саяхан зохион байгуулагдсан Шакирагийн тоглолтыг жишээ татсан байна.