Будапешт хотноо болсон Хөнгөн атлетикийн дэлхийн шилдэг тамирчдын аварга шалгаруулах тэмцээний (World Athletics Ultimate Championship) эрэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд түрүүлсэн, дэлхийн чансааны 1-р байрын тамирчин Румеш Таранга Патираге эх орондоо буцах замдаа таагүй явдалтай тулгарчээ. Тэрбээр 2026 оны Азийн наадамд бэлтгэхээр Шри Ланка руу буцах үед түүний хэрэглэдэг жаднууд нислэгээр тээвэрлэгдэх явцдаа хугарч эвдэрсэн байна.

Өдгөө 23 настай Шри Ланкын тамирчин залуу есдүгээр сарын 16-нд өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хугарсан жаднуудынхаа зургийг нийтэлж, “Азгүй явдал” хэмээн бичсэний дараа тус зургийг дахин оруулж “Баярлалаа, Turkish Airlines” хэмээн нийтэлжээ. Эвдрэл яг хэрхэн гарсныг агаарын тээврийн Turkish Airlines компани шалгахаар болоод байна.

Патираге уг эвдэрсэн жаднуудаараа өмнө нь шидэж байсан амжилтуудаа дурдан “85.98, 92.62, 88.50, 89.20, 89.37, 88.20, 89.68, 92.06, 91.06 баяртай” хэмээн бичжээ. Тэрбээр сэтгүүлчдэд ярихдаа “Энэ нь агаарын тээврийн компанийн алдаа байж магадгүй ч миний хувьд үнэлж баршгүй хохирол боллоо. Гэхдээ энэ нь тийм том асуудал биш, би цааш үргэлжлүүлнэ” гэсэн байна.

Түүний дасгалжуулагч Тони Прасанна “Бид маш сайн баглаж бэлтгэсэн таван жадаа ачаанд бүртгүүлсэн боловч бүгд хугарсан байдалтай ирсэн” хэмээн мэдэгджээ. Мөн Шри Ланкын Спортын сайд Сунил Кумара Гамаге таван жад тээвэрлэлтийн явцад эвдэрснийг баталж, тамирчны тоног төхөөрөмжийг шинээр авах зардлыг засгийн газраас гаргахаа мэдэгдсэн байна.

Будапештийн шигшээ тэмцээнд Патираге дөрөв дэх буюу сүүлчийн оролдлогоороо 91.09 метр шидэж түрүүлсэн юм. Энэ нь түүний 2026 оны улиралд 90 метрийг давсан гурав дахь амжилт болсон бөгөөд тэрбээр өмнө нь Ром хотноо 92.62 метр шидэж улсынхаа дээд амжилтыг тогтоож байжээ. Одоо түүний хувьд Японы Айчи-Нагоя хотод болох Азийн наадмын жад шидэлтийн тэмцээнд (есдүгээр сарын 26-нд товлогдсон) анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна.