Өнгөрсөн Баасан гарагт Европын хэд хэдэн телевизийн сувгууд руу "цаг хугацаа бага үлдлээ" (the clock is ticking) гэсэн анхааруулга бүхий бөмбөг дэлбэлэх сүрдүүлэг илгээгджээ. Үүний улмаас телевизүүд ажилтнуудаа барилгаас нүүлгэн шилжүүлж, эфирийн хөтөлбөрүүдээ түр хугацаанд зогсооход хүрсэн байна.

Компаниудын мэдээлснээр уг сүрдүүлэг Ирландын үндэсний өргөн нэвтрүүлгийн RTE, Их Британийн Sky, Болгарын хувийн телевиз болох Nova TV болон бусад сувгуудад иржээ. Гэвч холбогдох газруудыг шалгахад сүрдүүлэгт өртсөн ямар ч цэгээс бөмбөг олдоогүй бөгөөд хуурамч түгшүүр байсан нь тогтоогдсон байна.

Сүрдүүлгийн улмаас Ирландын RTE телевизийн нэвтрүүлгүүд цацагдах боломжгүй болж, эфирээр нь зөвхөн хөгжим болон урьдчилан бичсэн мэдэгдэл явсан бөгөөд зарим хөтөлбөр нь гурван цаг хүртэл хугацаагаар тасалдсан байна. Энэхүү явдал нь зорчигч тээврийн салбарт саад учруулаад байсан цуврал хуурамч бөмбөгний сүрдүүлгүүдийн дараа гарчээ.