Европын бодлого боловсруулагчид сүүлийн хэдэн жилийн турш Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх байр суурь улам бүр тэлж байгааг анхааралтай ажиглаж байна. Хятадын үйлдвэрлэсэн цахилгаан автомашинууд нь боломжийн үнэтэй, чанартай гэдгээрээ ялгарч байгаа нь Европын аж үйлдвэрийн салбарт томоохон сорилт болж эхэллээ.

Европын автомашины салбар нь тус тивийн аж үйлдвэрийн бахархал төдийгүй нийт 13 сая гаруй ажлын байрыг шууд болон шууд бус байдлаар бүрдүүлдэг амин чухал салбар юм. Тиймээс цахилгаан автомашины шилжилт нь тус салбарын ирээдүйд маш том нөлөөтэй гэж үзэж байна. Европын бодлого боловсруулагчид Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нөлөөг "зогсолтгүй түрэн орж ирж буй давалгаа" хэмээн тодорхойлж байгаа бөгөөд энэ нь Европын аж үйлдвэрийн өв уламжлалыг ганхуулж болзошгүй гэсэн болгоомжлол байна.

Шинэ төлөвлөгөө

Энэхүү нөхцөл байдлын улмаас Европ тив өөрийн автомашины салбарын өрсөлдөх чадварыг 2028 он гэхэд Хятадын өрсөлдөгчидтэй эн зэрэгцүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд Европын Холбоо Хятадын технологийн шийдлүүдийг ашиглахаар төлөвлөж байгаа юм. Энэ нь Европын автомашин үйлдвэрлэгчдийн хувьд өөрийн байр сууриа хадгалах, зах зээлд өрсөлдөхүйц хэвээр үлдэх гэсэн оролдлого гэж ойлгогдож байна.