Жазз хөгжмийн домогт уран бүтээлч Жон Колтрейний мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан түүний уран бүтээл орчин үеийн хөгжмийн ертөнцөд хэрхэн нөлөөлснийг онцолж байна.

Колтрейний нөлөө Ариана Гранде, Чака Хан, OutKast болон Beastie Boys зэрэг олон төрлийн урсгалын алдартай уран бүтээлчдийн бүтээлүүдэд тод харагддаг. Тухайлбал, Ариана Грандегийн 2019 онд Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн “7 Rings” дуунд Колтрейний “My Favorite Things” аялгууг ашигласан байдаг бол Beastie Boys хамтлаг түүний “A Love Supreme” цомгийн хэсгээс дээжлэн авч ашиглаж байжээ. Түүнчлэн түүний бүтээлүүд “Breaking Bad”, “The Sopranos” зэрэг алдартай кино, телевизийн цувралуудад ч эгшиглэж, поп соёлд гүн гүнзгий нэвтэрсэн байна.

Энэхүү тэмдэглэлт ойг угтан Verve Label Group компани жилийн турш үргэлжлэх дэлхий даяарх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус компани нэгдүгээр сард “Essential John Coltrane” нэртэй пянзны эмхэтгэлийг гаргаж, тэмдэглэлт үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагаас түүнийг Харлем дүүргийн баатар хэмээн өргөмжилж, тусгай тогтоол гарган хүндэтгэл үзүүлсэн байна.

Verve Label Group-ийн ерөнхийлөгч Жейми Крентсийн хэлснээр, Колтрейний хөгжим нь цаг хугацаанаас үл хамааран сонсогчдод хүрдэг мөнхийн бүтээлүүд юм. Ойн хүрээнд Blue Note, Atlantic Records болон Craft Records зэрэг хөгжмийн компаниуд ч мөн тусгай хэвлэлүүд болон хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна. 1967 онд 40 насандаа таалал төгссөн Жон Колтрейн нь өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийн шүтэн биширдэг, хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий томоохон дүр хэвээр байна.