"Grand Theft Auto VI" тоглоомын "Vice City" хотоор давхих зуур төрөл бүрийн радио сувгийг сонсох боломжтой байдаг. Тухайлбал, "The Wipe" хэмээх радио сувгаар цацагддаг "She Got Assets" нэвтрүүлгийг "Abbott Elementary" цувралаар танигдсан комедиан, жүжигчин Жанелл Жеймс хөтөлж, Тиш хэмээх дүрийн дуу хоолойг оруулжээ.
Цахим сүлжээнд түүний дуу хоолойн талаар хүмүүс таамаглаж эхэлсний дараа Жеймс "Instagram Stories"-оороо дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрээр зөвхөн дуу оруулагчаар ажиллаагүй бөгөөд уг радио шоуны санааг өөрөө гаргаж, саналаа тавьж, зохиолыг нь бичээд дуу оруулсан гэдгээ онцолжээ. Мөн Rockstar компани түүнийг өөрсдөө сонгоогүй, харин тэрээр энэхүү төсөлд багтахын тулд шаргуу зүтгэсэн гэдгээ дурдсан байна.
"Vice City" хувилбараас хойш тус тоглоомыг тоглож буй түүний хувьд энэ нь мөрөөдөл нь биелсэн хэрэг болжээ. Түүнчлэн Жеймс комедиан Зайнаб Жонсон (Кендра Сент Жеймсийн дүрд) болон Лиза Трейгер (Дестини Сталлионы дүрд) гэх хоёр найзаа хамт тоглуулсан байна.
Тоглогчид болон шүтэн бишрэгчид тоглоом доторх түүний сувгийн клипүүдийг хуваалцаж, эерэг сэтгэгдлүүд үлдээж эхэлжээ. Жеймсийн хүү нь хүртэл тоглоомыг тоглож байхдаа ээжийнхээ дуу хоолой радио сувгаар гарч буйг мэдсэн тухай тэрээр дараагийн сторидоо өгүүлсэн байна.