Их Британийн залуу уран бүтээлч Финн Эскьюгийн Лос-Анжелес хотын The Moroccan Lounge клубт болсон тоглолтыг үзэхээр 200 орчим хүн цуглаад байв. Гэтэл 11-р сарын 12-ны пүрэв гарагт болсон тус тоглолтын төгсгөлд дэлхийн поп од Жастин Бибер гэнэт тайзан дээр гарч ирэн үзэгчдийг алмайруулжээ.

Эскьюгийн 9-р сард гаргасан “Music All Over Her Body” дууг тэд хамтран дуулсан бөгөөд Бибер өөрийн онцлог хоолой, гоцлолоороо уг дууг чимсэн байна. Тус тоглолтын газрын багтаамж нь ердөө 250 орчим хүн байдаг бөгөөд цахим сүлжээнд нэгэн үзэгч “Жастин Бибер 30 долларын тоглолт дээр гэнэт дуулж байна” хэмээн бичлэг нийтэлжээ.

Энэхүү гэнэтийн үзүүлбэрийн дараа 25 настай залуу дуучин Эскью өөрийн Instagram хуудсандаа сэтгэгдлээ хуваалцаж, Бибертэй авахуулсан зургаа нийтлэн “хэн нэгэн намайг чимхээд сэрээгээч” болон “баярласандаа нулимс дуслууллаа” гэж бичсэн байна. Их Британийн Веллингтон хотоос гаралтай тэрбээр 16 настайдаа “Roses” анхны синглээ бичиж, 2020 оноос эхлэн уран бүтээлээ албан ёсоор цацаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Blueboy” хэмээх богино цомгоо (EP) гаргаад байсан юм.

Жастин Бибер хавар Коачелла наадамд оролцсоноосоо хойш олон нийтийн хараанаас нам гүм байсан ч сүүлийн үед иймэрхүү гэнэтийн үзүүлбэрүүд хийх нь ихсэж байгаа харагдана. Тэрбээр есдүгээр сард Лос-Анжелесийн МакАртур паркад мөн гэнэтийн амьд хөгжмийн тоглолт хийж байжээ.