АНУ-ын Оюутны спортын үндэсний холбоо (NCAA) эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний удирдамждаа өөрчлөлт оруулж, тоглолт эхлэхээс өмнө багийн ахлах дасгалжуулагчид талбайн төвд уулзан гар барих заавал биелүүлэх журмыг цуцалжээ. Дасгалжуулагчид хоорондоо албан бусаар мэндчилэхийг дэмжиж байгаа ч энэ нь цаашид заавал хийх үйлдэл биш болсон байна.
Энэхүү шийдвэр нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд болсон хагас шигшээ тоглолтын үеэр ЮКонн (UConn) болон Өмнөд Каролина (South Carolina) багуудын дасгалжуулагчдын дунд үүссэн маргаантай холбогддог. Тухайн үед Өмнөд Каролина баг 62-48 харьцаатай хожсоны дараа ЮКонны дасгалжуулагч Женно Ауриемма, Өмнөд Каролинагийн дасгалжуулагч Давн Стэйли нар талбайн хажууд ширүүн маргалдаж, туслахууд нь тэднийг салгахад хүрч байв.
Уг үл ойлголцол тоглолтын өмнөх гар барих ёсноос үүдэлтэй байсан бөгөөд Ауриемма талбайн төвд Стэйлиг хэдэн минут хүлээсэн ч ирээгүй гэж үзсэн юм. Харин Стэйли ЮКонны бусад ажилтнуудтай гар барьсан ба Ауриемма түүнийг хүлээж байсныг мэдээгүй гэж тайлбарлаж байв. Маргаан олон нийтэд тархсаны дараагийн өдөр Ауриемма уучлалт гуйж, шүүгчид алдааг (фол) хэрхэн дуудсанд бухимдсан байсан бөгөөд дасгалжуулагчид шүүгчтэй харилцахдаа давхар стандарт гаргахгүй байхыг хүссэнээ тайлбарлаж байжээ.
Уг явдлаас хойш долоон сарын дараа буюу 11 дүгээр сарын 24-нд "Mohegan Sun Arena" ордонд болох "Hall of Fame Women's Showcase" тэмцээнд хоёр баг дахин учраа таарахаар бэлтгэж байна. Тоглолтын өмнө Ауриемма шинэ дүрмийн талаар ярихдаа "Энэ хамаагүй ээ. Дүрэм ямар ч байсан түүнийг л дагахыг хичээнэ. Хүн бүр л хожихын тулд тэнд очдог. Би өөрөө тоглохгүй тул зүгээр л багаа дасгалжуулахыг хичээж байна" гэжээ.