Алдарт рок хамтлаг Bon Jovi-гийн ахлагч Жон Бон Жови Нью-Йорк хотын Madison Square Garden-д болсон тоглолтынхоо үеэр биеийн байдлын улмаас тоглолтоо дуусгаж чадаагүй байна.
Тус хамтлаг нь Madison Square Garden-д есөн удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байсан бөгөөд энэ нь найм дахь тоглолт байжээ. Хамтлагийн төлөөлөгчийн мэдээлснээр, дуучин Жон Бон Жови синусит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй тэмцэж байгаа нь тоглолтыг эрт зогсооход хүргэсэн байна.
Тэрээр тайзан дээрээс үзэгчдэд хандан биеийн байдлаа тайлбарлаж, тасалбараа хадгалж үлдэхийг хүсээд, тоглолтыг дахин товлох арга замыг эрэлхийлнэ гэдгээ амлажээ. Мөн тэрээр "Бие маань зүгээр ээ, удахгүй дахин уулзацгаая" хэмээн үзэгчидтэй түр салсан байна.
Тухайн өдрийн тоглолтын хувьд Жон Бон Жови 90 минутын турш дуулсан бөгөөд үүнд Train хамтлагийн дуучин Пэт Монахан оролцож, 1986 оны алдарт "Livin’ On a Prayer" дууг хамтран дуулсан байна.
Энэхүү аялан тоглолт нь Жон Бон Жовигийн дууны хөвчинд хийлгэсэн мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээний урт хугацааны дараах эргэн ирэлт гэдгээрээ онцлог юм. Тэрээр өмнө нь өгсөн ярилцлагадаа дуулах чадвараа бүрэн сэргээж, хоёр цаг хагасын турш тайзан дээр дуулж чадахаа мэдрэх хүртлээ аялан тоглолтод гарахгүй байхаар шийдвэрлэж байсан билээ.
Одоогоор хамтлагийн зүгээс тоглолтын талаарх шинэчилсэн мэдээллийг удахгүй хүргэхээ мэдэгдээд байна.