EGOT буюу Эмми, Грэмми, Оскар, Тонигийн шагналыг бүгдийг нь хүртсэн алдарт дуучин, ая зохиогч Жон Леженд “Music Matters Awards Gala” ёслолоос насан туршийн гавьяаны шагнал авахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг Guitar Center Music Foundation (GCMF) сангаас зохион байгуулж байгаа бөгөөд 2027 оны тавдугаар сарын 21-нд Беверли Хиллс дэх Fairmont Century Plaza-д болохоор товлогдсон байна. Тус ёслол нь Лежендийн хөгжим, боловсрол болон нийгмийн сайн үйлсийн төлөөх зүтгэлийг үнэлэхээс гадна улс орон даяар хөгжмийн боловсрол олгох, хөгжмийн зэмсгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан хандив цуглуулах зорилготой аж.
Өдгөө 47 настай уран бүтээлч Жон Леженд энэхүү үйл ажиллагааны хүрээнд тодорхой нэг сургууль эсвэл ашгийн бус байгууллагад хөгжмийн зэмсгийн буцалтгүй тусламж үзүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Тэрбээр уг шагналын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, Guitar Center Music Foundation сангаас түүнийг үнэлж байгаад гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, хойч үеийнхэнд хөгжмийн боловсролын хүртээмжийг өргөжүүлэх үйлсийг дэмжихдээ баяртай байгаагаа онцолжээ.
Жон Леженд урлагийн карьераас гадна нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл санаачлан ажиллаж ирсэн. Тэрбээр 2015 онд FREEAMERICA, 2021 онд HUMANLEVEL санаачилгуудыг эхлүүлж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард The Hollywood Reporter-ийн Social Impact Summit-аас “Оны шилдэг филантропист”-оор нэрлэгдэж байв.
Тавдугаар сарын 21-нд болох ёслолын үеэр улаан хивсний ёслол, оройн зоог, тусгай хөгжмийн үзүүлбэрүүд болох бөгөөд ирэх саруудад бусад шагналтан болон оролцогчдыг зарлахаар төлөвлөжээ.