Алдартай Jonas Brothers хамтлагийн гишүүн, дуучин Жо Жонас анхны бие даасан цомгийнхоо борлуулалт тааруу байснаас үүдэн сэтгэл зүйн хүндрэлтэй тулгарч, эмчилгээ хийлгэсэн тухайгаа хуваалцжээ. Тэрээр өөрийн ах дүүс болох Ник, Кевин нартай хамтран хөтөлдөг "Hey Jonas!" подкастын үеэр 2011 онд гаргасан "Fastlife" цомгийнхоо талаар дурссан байна.
Дуучин залуу тухайн үед өөрийн бие даасан уран бүтээлийг хамтлагийнх нь амжилттай дүйцэхүйц байх ёстой гэж үзэж байжээ. Тэрээр энэ талаар "Хэрэв би үүнийг амжилттай хийвэл, миний үнэ цэнэ тодорхойлогдоно гэж боддог байсан" хэмээн ярьсан юм. Гэвч "Fastlife" цомог нь АНУ-ын чартын 15-р байрт орж, гол дуу болох "See No More" нь 92-р байрт бичигдсэнд Жо Жонас ихэд сэтгэл дундуур байжээ.
Энэхүү бүтэлгүйтлийн дараа тэрээр сандрах шинж тэмдэг буюу паник атак-тай болж, бие махбодын өвдөлт мэдрэх болсон байна. Эмчийн зөвлөснөөр сэтгэл зүйч дээр очихдоо тэрээр эхэндээ эргэлзэж байсан ч, эмчилгээний явцад уйлж, сэтгэлээ нээсний дараа энэ нь маш их тус болсныг ойлгожээ. Тэрээр сэтгэл зүйн эмчилгээ нь амьдралынх нь бусад хүнд хэцүү үеүдэд ч маш их дэмжлэг болсон гэдгийг онцолсон байна.
Жо Жонас өнгөрсөн жил "Music For People Who Believe In Love" нэртэйгээр 14 жилийн дараа анх удаа өөрийн нэр дээр бие даасан цомгоо гаргасан юм. Мөн тэрээр Тэйлор Свифтийн уран бүтээлүүдийн талаарх асуултад хариулахдаа түүнийг хамгийн том уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлж, дуунуудынх нь аяыг сонирхолтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.