Дуучин Сабрина Карпентерын 2024 оны цуст, хошин өнгө аястай “Taste” дууны клипэнд тоглосон жүжигчин Жэнна Ортега зураг авалтын үеэр ашигласан нэгэн чухал хэрэгслийн талаар сонирхолтой нууцыг дэлгэжээ. Тэрээр клипний төгсгөл хэсэгт барьдаг хөрөөг Сабрина Карпентертай холбоотой нэрээр нэрлэсэн байсан талаар ярьсан байна.

Жэнна Ортега “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг хөрөөг Сабринагийн уран бүтээлтэй холбосон галзуу нэртэй байсан гэж бодож байгаагаа дурдаад, яг тодорхой санадаггүй ч “Espresso 3000” эсвэл үүнтэй төстэй нэрээр нэрлэж байсан хэмээн хуваалцжээ. Энэхүү нэр нь Сабрина Карпентерын 2024 оны хавар гаргаж, түүний “Short n’ Sweet” цомгийн эрин үеийг эхлүүлсэн хит уран бүтээл болох “Espresso” дууг илтгэж байгаа юм.

Клипэнд Ортега, Карпентер нар бие биенээ хөнөөхөөр янз бүрийн аргаар тэмцэлддэг бөгөөд Жэнна Ортега хөрөөтэй хэсгийн зураг авалтыг хамгийн дуртай хэсэг минь байсан хэмээн онцолжээ. Тэрээр энэ хэсгийг маш хөгжилтэй байсан гэж тодорхойлоод, тухайн үед тэдний өмссөн хувцас ч их таалагдсаныг дурдсан байна.

Хэдийгээр бэлэн болсон клип нь маш нарийн зохион байгуулалттай, нүсэр харагддаг ч зураг авалтад бэлдэх цаг маш бага байсныг Ортега хэлэв. Тэрээр зураг авалт болохоос хэдхэн хоногийн өмнө л өөрийгөө оролцохоор болсныг мэдсэн бөгөөд хөдөлгөөнүүдийг урьдчилж бэлдээгүй байжээ. “Тэр клипний ямар ч хөдөлгөөнийг урьдчилж дэглээгүй, бид зүгээр л гүйлдээд зураг авалтаа хийсэн. Бэлдэх эсвэл энэ талаар ярилцах цаг байгаагүй” гэж тэрээр нэмж ярьжээ.

Сабрина Карпентерын “Short n’ Sweet” цомгийн гурав дахь сингл болон гарсан “Taste” дуу нь Billboard Hot 100 чартын 2-р байранд хүрч, шилдэг 10-т олон долоо хоногийг өнгөрүүлсэн бөгөөд түүний хамгийн том хитүүдийн нэг болоод байгаа юм.