Холливудад 30 гаруй жил уран бүтээлээ туурвиж буй нэрт эмэгтэй жүжигчин Ниа Лонг (Nia Long) 9 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт Холливудын алдрын гудамжинд (Hollywood Walk of Fame) өөрийн гэсэн одыг хүлээн авлаа.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд түүний 25 гаруй жилийн найз, алдарт реппер Снүүп Догг (Snoop Dogg) оролцож үг хэлсэн юм. Тэрбээр Ниа Лонгийн бүтээсэн дүрүүдийн зураг бүхий тусгайлан захиалж хийлгэсэн хүрмээр гангарчээ. Снүүп Догг хэлсэн үгэндээ "Ниа аль хэдийн од байсан. Та нар одоо л явган хүний зам дээр гаргаж ирж байгаа хэрэг үү? Бид эртнээс мэддэг байсан. Тэр зүгээр л соёлын нэг хэсэг биш, харин тэр бол өөрөө соёл" хэмээн онцолсон байна.

Мөн реппер эр хошигнон "Ниа Лонг ойролцоогоор 30 жилийн турш Америкийн бүх хар арьст залууст боломж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Үнэндээ ямар ч боломж байгаагүй. Гэхдээ тэр бидэнд мөрөөдөх боломж олгосон" хэмээн талархал илэрхийлжээ.

Харин Ниа Лонг индэрт гарахдаа Снүүп Доггийн хүрэмний талаар хошигнож, зээлж өмсөх хэрэгтэй болох нь хэмээгээд түүнийг насан туршийн ах шиг нь байж үргэлж анхаарал халамж тавьдагт баярлаж явдгаа илэрхийлсэн юм.

Ниа Лонг нь *Boyz N the Hood*, *Friday*, *Love Jones*, *Soul Food*, *The Best Man*, *The Fresh Prince of Bel-Air*, *Big Momma's House* зэрэг олон бүтээлээрээ олонд танигдсан. Мөн тэрбээр хип хоп ертөнцтэй нягт холбоотой бөгөөд J. Cole, Ye, Lil Wayne, Ghostface Killah зэрэг олон репперүүд дууны үгэндээ түүний нэрийг дурдсан байдаг. Түүнчлэн Снүүп Доггийн Стиви Уандертай хамтарсан 2015 оны "California Roll" клип болон Ye-ийн "Touch the Sky", Tyler, The Creator-ийн "Darling, I" клипүүдэд тоглож байжээ.