Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Тегеранд чиглэсэн эдийн засгийн шийтгэлийн төлөвлөгөөг эрс шүүмжиллээ. Тэрбээр уг алхмыг өмнөх "бүтэлгүйтсэн бодлого"-уудын үргэлжлэл бөгөөд Вашингтонд зөвхөн "дахин ялагдал" авчирна хэмээн Пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Сайд Аббас Арагчи өөрийн нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ, "Эдийн засгийн D-Day гэгч нь Америкийн өөрийнх нь хямрал болох урьд өмнө байгаагүй өр болон хүүгийн өсөн нэмэгдэж буй зардлаас анхаарал сарниулах арга" гэжээ.
Түүнчлэн тэрбээр бүтэлгүйтсэн бодлогоо улам лавшруулах нь зөвхөн дахин ялагдал авчирч, иранчуудын дургүйцлийг төрүүлнэ хэмээн онцолсон юм. Түүний хэлснээр АНУ-ын эдийн засгийн дээрх бодлого, шахалт нь дэлхий нийтэд ч аюул занал учруулж буйг дурдсан байна.