Иран улс Оман улстай хамтран Ормузын хоолойг удирдах шинэ хэлэлцээр боловсруулж байгаа тухай мэдээлэл гарлаа. Тус хэлэлцээрийн хүрээнд Иран улс АНУ болон Израилийн хөлөг онгоцнуудыг стратегийн ач холбогдол бүхий уг хоолойгоор нэвтрүүлэхийг хориглохыг зорьж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, уг хэлэлцээрт дайсагнасан хандлагатай улс орнуудын хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхийн тулд нөхөн төлбөр төлөхийг шаардах заалт багтсан байна. Энэхүү тохиролцоо нь хоёрдугаар сард АНУ болон Израиль улс Иран руу довтолсноос хойш саатаад байсан эрчим хүчний урсгалыг сэргээх, Ормузын хоолойг дахин нээхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Гэсэн хэдий ч энэхүү санаачилга нь Вашингтоны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар шинжээчид “Энэ нь Вашингтонд огтхон ч таалагдахгүй нь тодорхой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн гол зангилаа цэгүүдийн нэг тул энэхүү хэлэлцээрийн үр дүн олон улсын анхаарлын төвд байна.