UFC холбооны хагас дунд жингийн аварга Ислам Махачевын багийн анд, 31 настай Оросын тулаанч Магомед Зайнуков 11 дүгээр сарын 21-нд болох UFC Qatar арга хэмжээнд эргэн ирэх гэж байгаа гэх мэдээллийг албан ёсоор үгүйсгэлээ. Түүнийг тус тэмцээнд Маноэл Соузатай тулалдана гэж мэдээлж байсан юм.
Зайнуков өөрийн Instagram хуудсаараа дамжуулан энэ тулааны гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа учир энэ онд дахин тулалдахгүй гэдгээ зарлажээ. Тэрбээр “Би энэ тулаанд ямар ч гэрээ байгуулаагүй. Мэс заслын улмаас энэ жил тулалдахгүй, одоогоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна” гэж бичсэн байна. Ингэснээр түүний дараагийн тулаан 2027 он хүртэл хойшлогдохоор болж байна.
Мэргэжлийн дэвжээнд 9 ялалттай, ялагдалгүй яваа Зайнуков өнгөрсөн долдугаар сард UFC-ийн анхны тулаанаа хийж, Дамиан Ржепецкиг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан юм. Тэрбээр “Dana White’s Contender Series”-ийн 9 дэх улирлын 9 дэх долоо хоногт Лукас Калдасыг ялснаар UFC-д гэрээ байгуулах эрхээ авч байжээ.
Хабибын багийн гишүүн гэдгээрээ аль эрт олон нийтийн анхааралд өртсөн тэрбээр олон нийтийн сүлжээнд хэд хэдэн удаа шуугиан тарьж байв. Тухайлбал, Ислам Махачев түүнийг Деметриус Жонсонд “Чанко” гэж танилцуулахад үзэгчид “John Pork” гэж сонссоноор уг бичлэг цахим орчинд хүчтэй тархсан түүхтэй. Мөн UFC 322 тэмцээний үеэр Диллон Дэнистэй торны гадна зодоон үүсгэж байсан удаатай. Одоогоор түүний хувьд бүрэн эдгэрч, эрүүл мэнддээ анхаарах нь нэн тэргүүний зорилт болоод байна.