Италийн нийслэл Ром хотноо байрлах алдарт Колизей цэнгэлдэх хүрээлэнд ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Соёлын сайд Алессандро Жули талийгаачийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Лхагва гарагт Колизейг нэг өдрийн хугацаатай хаах шийдвэр гаргасан байна.

Амиа алдсан ажилтан нь 22 настай техникч Андреа Моретти гэгч байсан бөгөөд тэрээр шөнийн цагаар эртний цэнгэлдэх дотор гэрэлтүүлгийн шинэ систем суурилуулж байхдаа хэдэн метрийн өндрөөс унаж нас баржээ.

Одоогоос 2000 жилийн өмнө баригдсан Колизей нь Ромын эзэнт гүрний хамгийн том задгай цэнгэлдэх хүрээлэн байсан бөгөөд тухайн үедээ гладиаторуудын тулаан, цаазын ял гүйцэтгэх ажиллагаа болон ан амьтны ав хоморго зохион байгуулахад ашиглагддаг байв. Өдгөө энэхүү түүхэн байгууламж нь Итали улсын хамгийн их жуулчин зочилдог газруудын нэг юм.