2012 оны Лондоны Олимпын үеэр ихэр эгч Линагийнхаа хамт сайн дурын ажилтнаар ажиллаж, тамирчин Жессика Эннис-Хиллийн хэрэгслийг зөөж явсан өсвөр насны Лавиа Нильсен хэзээ нэгэн цагт Олимпын замд уралдахыг мөрөөддөг байв. Тэрбээр бараг арван жилийн дараа буюу Токиогийн Олимпод оролцох эрхээ авсан ч Японыг зорихоос хоёрхон хоногийн өмнө түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн мэдээ сонсжээ.
Хүнд онош ба Токиогийн сорилт
Олимпын өмнөх долоо хоногуудад түүний биед хачин шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Эхэндээ гарт нь мэдээ алдаж байсныг эвгүй унтсан эсвэл шинэ дасгал хийснээс болсон байх гэж боджээ. Гэвч удалгүй уралдааны дараа хөлнийх нь мэдээ алдагдаж, тогонд цохиулж буй мэт мэдрэмж төрөх болсон аж. Анхны эмч нь түүний шинж тэмдгийг стресс, сэтгэл түгшилт, тэмцээн болон хэт их бэлтгэлтэй холбон тайлбарласан байна.
Харин түүний ихэр Лина өмнө нь тархмал хатуурал (multiple sclerosis) өвчтэй гэж оношлогдож байсан тул Лавиа өөр эмчид хандахаар шийджээ. Ингээд 10 орчим хоногийн дараа буюу Токио руу нисэхээс ердөө хоёр өдрийн өмнө тархи болон нугасыг гэмтээдэг аутоиммун өвчин болох тархмал хатууралтай гэсэн хариу авсан байна.
Тусгаарлалтаас Олимпын медаль хүртэл
Хэдийгээр хүнд онош сонссон ч Нильсен Токиог зорьсон юм. Гэвч онгоцонд цуг явсан хүнээс нь коронавирус илэрснээр тэрбээр хавьтагчаар тогтоогдож, Японд очоод шууд тусгаарлагджээ. Дөнгөж хүнд онош сонсоод байсан түүний хувьд ганцаараа тусгаарлагдах нь маш хүнд туссан байна. Гэсэн ч тэр бууж өгөлгүй Их Британийн 4х400 метрийн буухиа багийн бүрэлдэхүүнд гүйж, финалд тавдугаар байр эзэлсэн юм.
Тэрбээр өвчнийхөө эсрэг бэлтгэлээ үргэлжлүүлсээр Парис 2024 Олимпоос холимог болон эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа уралдаанд тус бүр хүрэл медаль хүртсэн. Харин Парисын наадмын дараа түүнд туйлын ядаргаа, тархи манантах шинж тэмдэг илэрч, өвчний холбогдолтой ядаргаатай нүүр тулжээ. Одоо Лавиа Нильсен биеэ хэт шахахын оронд амрах шаардлагатай үед нь биеийнхээ дохиог сонсож сурч байгаагаа The Telegraph-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.