Их Британийн тагнуулын MI5 агентлаг Лхагва гарагт урьд өмнө гарч байгаагүй онцгой сэрэмжлүүлэг нийтэллээ. Тус сэрэмжлүүлэгт Хятадын нэгэн байгууллага Бээжингийн төрийн аюулгүй байдлын албаны нэрийн өмнөөс хиймэл оюун ухаан (AI) зэрэг сэдвээр хийгдэж буй эрдэм шинжилгээний судалгаануудыг санхүүжүүлэх ажилд оролцож байгааг анхааруулсан байна.

MI5-аас гаргасан “Тагнуулын сэрэмжлүүлэг”-т дурдсанаар, Их Британид түшиглэсэн 100 гаруй эрдэмтэн, судлаач “Хятадын ерөнхий технологийн судалгааны хүрээлэн” (CGTRI)-ээс санхүүжүүлсэн төслүүдэд хувь нэмрээ оруулсан байна.

Уг хүрээлэн нь БНХАУ-ын иргэний тагнуулын байгууллага болох Төрийн аюулгүй байдлын яамтай (MSS) "маш хүчтэй холбоо хамааралтай" болохыг Британийн тагнуулын алба онцолжээ.