Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага буюу FCA (Financial Conduct Authority) крипто компаниудаас албан ёсны зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авч эхэлснээ Лхагва гарагт зарлалаа. Ингэснээр тус улсын криптовалютын салбар анх удаа бүрэн хэмжээний зохицуулалтад хамрагдах нөхцөл бүрдэж байна.

Хяналтын байгууллагын зүгээс энэхүү алхам нь крипто зах зээлд тодорхой, хууль ёсны байдлыг бий болгох зорилготой гэж мэдэгдэв. FCA-ийн зөвшөөрөл хариуцсан захирал Доминик Кэшман хэлэхдээ, шинэ журам нь хэрэглэгчдэд илүү өндөр хамгаалалт олгохын сацуу компаниудад үйл ажиллагаа явуулах тодорхой хүрээг зааж өгнө гэдгийг онцолсон юм. Зөвшөөрөл хүсэж буй компаниуд хэрэглэгчийн хамгаалалт, хэрэглэгчийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, зах зээлийн шударга байдал болон санхүүгийн тогтвортой байдлын шаардлагуудыг хангасан байх ёстой аж.

Шинэ дэглэм хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

Их Британи одоогоор криптогийн цогц шинэ хуулийн төслийг боловсруулж байна. FCA крипто активын зохицуулалтын хүрээгээ 6-р сард эцэслэн баталсан бөгөөд шинэ дэглэм нь 2027 оны 10-р сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуваарьтай байна.

Их Британи өнгөрсөн оноос эхлэн биткоин болон бусад дижитал хөрөнгийг өмч гэж хүлээн зөвшөөрснөөс хойш энэ чиглэлийн хууль тогтоомжийг идэвхтэй урагшлуулж буй. Энэхүү шинэчлэл нь дижитал хөрөнгө одоогийн хуулийн ангилалд бүрэн нийцэхгүй байна гэсэн Хуулийн комиссын (Law Commission) 2023 оны зөвлөмжөөс эхлэлтэй юм.

Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад

FCA-ийн энэхүү мэдэгдлийг үл харгалзан Их Британи дижитал хөрөнгийн зохицуулалтын хувьд Брюссель болон Вашингтоноос хоцорч байна. Тухайлбал, Европын Холбооны Крипто активын зах зээлийн зохицуулалт (MiCA) нь 2024 оны 12-р сарын 30-наас үйлчилгээ үзүүлэгчдэд хэрэгжиж эхэлсэн.

Мөн АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 7-р сард GENIUS Act хуульд гарын үсэг зурж, ам.доллароор баталгаажсан токены холбооны зохицуулалтын хүрээг тогтоосон юм. Хэдийгээр АНУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн сард Clarity Act хуулийн төслийг зогсоосон ч Үнэт цаас, биржийн комисс (SEC) зэрэг зохицуулагч байгууллагууд дүрмээ боловсруулах ажлыг үргэлжлүүлсээр байна.