NBA-ийн сагсан бөмбөгийн ертөнцөд багагүй хугацаанд хүлээгдэж, сунжирсан Кавай Леонардын солилцоо эцэслэгдлээ. Шамс Чараниа "NBA Today" нэвтрүүлгээр мэдээлснээр, Лос-Анжелес Клипперс болон Торонто Рэпторс багууд Кавай Леонардыг Торонто руу буцаах тохиролцоог бүрэн дуусгажээ.

Энэхүү солилцооны анхны тохиролцоо зургаадугаар сарын 30-нд хийгдсэн боловч NBA-ээс Клипперсийн Леонардтай холбоотой үйл ажиллагааг шалгаж эхэлснээс үүдэн хоёр сар гаруй хугацаанд гацаад байсан юм. Хэлцлийн хүрээнд Леонард Торонто руу явах бол Клипперс хариуд нь Брэндон Инграм, Грэйди Дик, драфтын нэгдүгээр тойргийн хамгаалалтгүй хоёр сонголт, нэгдүгээр тойргийн нэг сонголт солих эрх болон хоёрдугаар тойргийн хоёр сонголтыг авахаар төлөвлөгджээ.

Шийтгэл ба санхүүгийн буулт

NBA-ийн шалгалтын дүнд Клипперс багт томоохон шийтгэл оноосон юм. Лигээс тус багийн драфтын нэгдүгээр тойргийн таван сонголтыг хурааж, 30 сая долларын торгууль ногдуулснаас гадна эзэн Стив Баллмерыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Багийн удирдлагууд энэхүү шийдвэрийг даван туулахын тулд сүүлийн 13 хоногийг зарцуулсан бөгөөд Стив Баллмер шийтгэлийг хүлээн зөвшөөрснөөр солилцоог үргэлжлүүлэх ногоон гэрэл ассан гэж Чараниа мэдээллээ.

Мөн солилцоог бүрэн дуусгахын тулд Кавай Леонард өөрийн зүгээс санхүүгийн буулт хийж, 7.45 сая доллароор хэмжигдэх солилцооны 15 хувийн урамшууллаасаа (trade kicker) татгалзах бичиг баримтад гарын үсэг зуржээ. ESPN-ийн Бобби Марксын мэдээлснээр энэхүү хэлцлийн дараа Торонто баг цалингийн цэсний "first apron" хязгаарт тулж ирсэн байна.

Ингэснээр Клипперс нэгдүгээр тойргийн олон сонголт болон гол одоо алдсан хүндхэн үеийг даван туулах шаардлагатай болж байгаа бол Торонто Рэпторс өөрийн хуучин од тоглогчоо эргүүлэн авснаар дараагийн шинэ хуудсаа эхлүүлж байна.