АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Канадын мужуудад шахалт үзүүлэх зорилгоор тарифын шинэ заналхийллийг ашиглаж эхэллээ. Энэхүү шахалт нь Америкийн согтууруулах ундаанд тавьсан хоригийг зогсоохтой холбоотой юм.

Гэсэн хэдий ч Канадын мужийн удирдагчид энэхүү дарамтад бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, Онтарио мужийн Ерөнхий сайд Даг Форд АНУ-ын зүгээс автомашин болон гангийн салбарт тогтоосон тарифаа цуцлахгүй бол тус муж Америкийн дарс, спиртлэг ундааг төрийн өмчит дэлгүүрүүдээр худалдаалах хоригоо цуцлахгүй гэдгээ илэрхийлжээ.

Даг Форд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Бид сул дорой байдлаар бус, хүчтэй байр сууринаас хэлэлцээ хийх ёстой. Мөн бүх асуудлыг хэлэлцээрийн ширээн дээр тавих хэрэгтэй” хэмээн онцолсон байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлийг “дарангуйлагч” хэмээн тодорхойлжээ.