Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн Канзас-Сити Чифс баг Канзас мужийн Вайандот тойрогт баригдах шинэ битүү цэнгэлдэх хүрээлэнгийнхээ бүтээн байгуулалтыг хариуцах багийг албан ёсоор зарлалаа. Барилгын ажлыг Clark Construction Group болон AECOM компаниудын хамтарсан "Clark | AECOM" түншлэл гүйцэтгэхээр болсон байна.
Чифс багийн ерөнхийлөгч Марк Донован энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ, тус компаниуд төслийн цар хүрээг ойлгож, шаардлагатай туршлага, ур чадвартай болохыг онцолжээ. "Clark | AECOM" нь анхны загвар дизайныг бодит бүтээн байгуулалтын төлөвлөгөө, төсөв болгон хувиргах ажлыг удирдах юм.
Уг шинэ цэнгэлдэх нь ойролцоогоор 70,000 хүний суудалтай байх бөгөөд нийт өртөг нь 3 тэрбум орчим ам.долларт хүрэх тооцоотой байна. Төслийн ерөнхий дизайныг MANICA болон HNTB архитекторууд нарийвчлан боловсруулж байгаа аж.
Хуваарь ба санхүүжилт
Бүтээн байгуулалтын газар шорооны ажил 2027 онд эхлэх бөгөөд цэнгэлдэхийг 2031 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Байршлын хувьд Канзас-Сити хотын "The Legends" болон Канзас Спийдвэй хурдны замын ойролцоо сүндэрлэх юм.
Санхүүжилтийн тухайд, Канзас мужийн хууль тогтоогчид 3 тэрбум ам.долларын өртгийн 60 хүртэлх хувийг буюу олон нийтийн санхүүжилтээр дээд тал нь 1.8 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээг нөхөх STAR бондыг баталжээ.
Чифс баг нь 1972 оноос хойш NFL-ийн гурав дахь хамгийн хуучин цэнгэлдэх болох "Эрроухед" (Arrowhead)-д тоглож ирсэн билээ. Багийн од тоглогч Патрик Махоумс өмнө нь Эрроухед цэнгэлдэхэд хайртайгаа илэрхийлж байсан ч шийдвэр гаргахад түүний оролцоо байгаагүйг дурдаж, Канзас муж гайхалтай цэнгэлдэх барьж өгнө гэдэгт итгэж буйгаа хэлсэн байдаг.