“Austin” дуугаараа олонд танигдсан кантри дуучин Даша энэ намар хоолойн хөвчний зангилаа авахуулах мэс засалд орох болсноо Billboard сэтгүүлд ярьжээ. Түүний хагалгаа аравдугаар сарын 22-нд Нэшвилл дэх Вандербилт их сургуулийн эрүүл мэндийн төвд товлогдсон байна.

Тэрээр хоолой нь хэт ачаалал авсан гол шалтгаан нь дуулснаас бус, их ярьснаас болон аялан тоглолтын ачааллаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд нойр муутай явж, их ярьж, шоудаж, дуулсан нь нөлөөлсөн тухайгаа тэр хуваалцсан байна.

Хагалгааны дараа Даша хоёр долоо хоног огт ярихгүй бүрэн дуугүй дэглэм сахиж, үүний дараа зөв ярих, дуулах дасгал бүхий нөхөн сэргээх эмчилгээг эхлүүлэх аж. Дуулахгүй ч гэсэн тэрээр 11 дүгээр сарын 18-нд болох CMA Awards-ын улаан хивсний ёслолд оролцохоор төлөвлөж байна.

Даша гурав дахь студийн цомгоо ирэх оны эхний улиралд Warner Records-оор дамжуулан гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 2027 онд дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх ажээ. Тэрээр хагалгаанаасаа өмнө шинэ цомгийнхоо хоолойн бичлэгүүдийг дуусгахаар яарч байгаагийн зэрэгцээ түр завсарлага авахаас өмнө хоёр амьд тоглолтод оролцох юм байна.