Америкийн алдартай кантри дуучин, Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн уран бүтээлч Меган Морони өөрийн "The Cloud 9 Tour" аялан тоглолтын хүрээнд Денвер хотын "Ball Arena"-д тоглох ёстой байсан ч тоглолт бүтэн үргэлжилсэнгүй. Тэрээр тайзан дээр ердөө гурван дуу дуулсны дараа эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.
Дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр "Энэ бол миний гаргасан хамгийн хэцүү шийдвэр байлаа. Би хэзээ ч 100 хувь бэлэн биш тоглолтыг үзэгчдэдээ хүргэхгүй. Гурав дахь дууны дараа л би энэ тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй байгаагаа ойлгосон" хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хувцас солих өрөөндөө уйлж суугаагаа ч нуусангүй.
Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс Меган Морониг өвчний улмаас тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Одоогоор тоглолтыг наймдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд тухайн өдөр тоглолтыг дахин зохион байгуулахаар товложээ. Энэ сарын 28-ны тоглолтод зориулж авсан тасалбарууд шинэ товлогдсон өдөр хүчинтэй хэвээр байх юм. Хэрэв үзэгчид тухайн өдөр ирэх боломжгүй бол тасалбар худалдаж авсан цэгээсээ мөнгөө буцаан авах боломжтой.
Меган Моронигийн энэхүү аялан тоглолт нь түүний хамгийн том аялан тоглолт бөгөөд аравдугаар сар хүртэл 40 гаруй хотыг хамарч байгаа юм. Тэрээр өөрийн "Cloud 9" цомгоороо Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн амжилтыг энэ оны гуравдугаар сард үзүүлсэн билээ. Түүний дараагийн тоглолт наймдугаар сарын 1-нд Портланд хотод болохоор товлогдсон байна.