Америкийн кантри хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч, хит дуунуудын эзэн Жон Андерсон 10-р сарын 21-ний Лхагва гарагт 71 насандаа таалал төгсжээ. Түүнийг хорвоог орхисон ч уран бүтээл нь хэзээ ч мартагдахгүй гэдгийг хөгжмийн салбарын нөхөд, хамтран зүтгэгчид болон сонсогчид нь онцолж байна.
Жон Андерсон 1954 оны 12-р сарын 13-нд төрсөн бөгөөд Флорида мужийн Апопка хотод өсжээ. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Нэшвилл рүү нүүж, 1976 онд Warner Bros. Records-той гэрээ байгуулснаар амжилтын замаа эхлүүлсэн түүхтэй. Түүний уран бүтээлийн санд “Swingin’”, “Straight Tequila Night”, “Seminole Wind” зэрэг олон танил бүтээл багтдаг. Тэрбээр Billboard-ийн Hot Country Songs жагсаалтын шилдэг 10-т 20 удаа багтаж, үүнээс таван удаа тэргүүлсэн бол Top Country Albums жагсаалтын шилдэг 10-т таван цомог нь бичигдэж байв. Бараг хагас зуун жилийн замналдаа 1993 онд Academy of Country Music-ийн карьерын амжилтын шагнал хүртэж, 2014 онд Nashville Songwriters Hall of Fame, 2024 онд Country Music Hall of Fame-д тус тус залагджээ.
Түүний ойрын найз, кантри дуучин Блэйк Шелтон сошиал сүлжээндээ Андерсоны тухай хэлэх үг дэндүү их байгааг бичээд, өөрийн шүтээн нь зүгээр нэг найдаж байсан хүн нь бус, түүнээс хавьгүй илүү эрхэм, өөрийнх нь найз байсныг онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн Ням гарагт түүнтэй уулзаж, хайртайгаа хэлж чадсандаа сэтгэл нь дүүрэн байгаагаа дурдаад, талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэд 2020 онд “Tuesday I’ll Be Gone” дуун дээр хамтарч байсан юм.
Мөн өнгөрсөн Ням гарагийн орой Country Music Hall of Fame-ийн ёслол дээр Андерсонтой уулзсан дуучин Тим Макгроу фэйсбүүк хуудсандаа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр тухайн үед Андерсон маш сайхан сэтгэл санаатай байсан бөгөөд хамтдаа ярилцаж, инээлдэж, дуртай дуунуудыг нь хамтран дуулж байснаа дурссан байна. Мөн түүний хорвоог орхисонд зүрх нь шимширч, цочирдсон гэдгээ илэрхийлээд, хөгжмийн ямар ч урсгалд түүн шиг өвөрмөц, тодорхойлогч хэв маягтай уран бүтээлч дахин гарч ирэхгүй хэмээн онцолжээ.
Үүнээс гадна Андерсоны 2007 оны “Easy Money” цомгийг продюсерлосон Жон Рич болон түүнтэй 2025 оны “Broken Branches” уран бүтээл дээр хамтран ажилласан Райли Грийн нар мөн хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн байна.