АНУ-ын алдарт кантри дуучин, хөгжимчин Долли Партоны ах Кой «Денвер» Партон 82 насандаа таалал төгсжээ. Тэрээр пүрэв гарагт буюу долдугаар сарын 23-ны өдөр нас барсан талаар Теннесси муж улсын Севьервилл хотын Атчли оршуулгын газраас гаргасан эмгэнэлд дурдсан байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Денвер Партон нь олны танил бус, даруухан амьдралыг эрхэмлэдэг нэгэн байжээ. Тэрээр олон жилийн турш гүүр барих ажилд кранчин хийж, фермер эрхлэн, ан авд сонирхолтой нэгэн байсан гэдгийг эмгэнэлд тэмдэглэжээ. Тэрээр Ли Партон болон Ави Ли Оуэнс Партон нарын 12 хүүхдийн нэг байсан бөгөөд Долли Партон өөрийн уран бүтээл, дуу хөгжимдөө хөдөө нутгийн бага насны дурсамж, гэр бүлийнхээ талаар ихэвчлэн хуваалцдаг байсан билээ.

Талийгаач нь хоёр охин, ач хүү, мөн ах дүүс болох Бобби Партон, Вилладин Буззео, Долли Партон, Стелла Партон, Кэсси Гриффит, Фрейда Партон, Рейчел Жорж, Лаура Прайс нарын гэр бүл, төрөл төрөгсдөөс хагацлаа. Долли Партон ахынхаа талаар олон нийтийн сүлжээнд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Партоны гэр бүлийн хувьд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа хагацал үзээд байгаа юм. Тухайлбал, 2021 онд дуучин Рэнди Партон, 2018 онд дууны хамтран зохиогч Флойд Партон, 2024 онд Дэвид Партон нар таалал төгссөн бол 2025 оны гуравдугаар сард Долли Партоны нөхөр Карл Дин нас барсан билээ. Долли Партон нь «Jolene», «I Will Always Love You» зэрэг олон арван алдартай дуугаараа дэлхийд танигдсан, кантри хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм.