Алдарт реппер Канье Уэст (Ye) өөрийн хуучин туслах Лаурен Пишиоттагийн гаргасан шүүхийн нэхэмжлэлийг эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэсэн байна. Пишиотта нь 2021-2023 оны хооронд репперийн туслахаар ажиллаж байхдаа бэлгийн дарамт, хүний наймаа, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх ноцтой гомдлуудыг 2024 оны зургадугаар сард анх гаргаж байжээ.

Нэхэмжлэгч тал шүүхэд өгсөн баримтдаа репперийг өөрт нь бие махбодын талаар ёс бус үг хэлж, бариу хувцас өмсөхийг шаардан, байнга хүрэлцдэг байсан хэмээн дурдсан байна. Түүнчлэн, түүнийг бусад эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохыг хүчээр харуулах, садар самуун зураг илгээх, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлдэж, мансууруулах бодис хэрэглүүлсэн гэх мэт маш ноцтой хэргүүдэд буруутгажээ.

Канье Уэстийн хуулийн баг эдгээр бүх буруутгалыг эрс үгүйсгэж, уг нэхэмжлэлийг “үндэслэлгүй” бөгөөд “сүрдүүлэг, дарамтлах оролдлого” хэмээн мэдэгдэж байв. Репперийн зүгээс туслах асан эмэгтэйг “мэргэжлийн ур чадваргүй” байсан тул ажлаас халсан гэж тайлбарлаж, түүнийг хэт өндөр цалин шаардаж, ёс бус авир гаргадаг байсан хэмээн эсрэг байр суурь илэрхийлж байсан юм.

АНУ-ын шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, талууд долдугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн хэдий ч эвлэрлийн нарийвчилсан нөхцөл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Пишиоттагийн өмгөөлөгч Арик Фудали “Асуудал шийдэгдсэн” гэх товч тайлбарыг өгсөн бол Канье Уэстийн төлөөлөгчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.